06.12

НАМЗХ-ны Г.Тэмүүлэн тамгаа авч зугтсан уу

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НАМЗХ-ноос хэвлэлийн бага хурал зарлан энэ зургаадугаар сард Их хурлаа хийж, холбооны дүрэм, цаашдын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлаа эцэслэн шийдэхээр болсон тухайгаа мэдээлсэн.  Тухайн үед НАМЗХ-ны VII бага хурал болж, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтайбаярыг өөрийн хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм. Мөн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, намын удирдах зөвлөлийн гишүүд Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнг НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилсон байдаг.

    Тэгвэл НАМЗХ-ны дүрмийн дагуу 35 нас хэтэрсэн залуус ээлжит Их хуралд төлөөлөгчөөр сонгогдох боломжгүй гээд нийслэлийн НАМЗХ болон Дорнод аймгийн хурлыг хийхгүй хэвээр үлдээж, 35 нас хэтэрсэн хүмүүсийг Их хуралд төлөөлөгчөөр сонгуулах гэсэн өдгөө маргаан дагуулаад байгаа юм. Харин намын дарга М.Энхболд зөрчилдөж буй хоёр талыг хүлээн авч уулзаад хугацаа хэтэрсэн нийслэл, аймаг, дүүргүүд Их хурлаас өмнө хурлаа хийх чиглэл өгсөн гэнэ.

Гэсэн хэдий ч тодорхой шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл тус холбоо хурлаа хийгээгүй бөгөөд ажлын хэсгийг ахалж буй НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга  Г.Тэмүүлэн асуудлыг шийдэлгүй хойшлуулсаар байгаа сурагтай. Уг нь ажлын хэсгийн 11 гишүүний зургаа нь нийслэлийн НАМЗХ-ны хурлыг Их хурлаас өмнө хуралдуулах шийдвэр гаргасан. Гэтэл энэ шийдвэр гармагц ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн хурлаа дуусгахгүйгээр тогтоол дээр гарын үсэг зурахгүйгээр тамгаа авч гарсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэнг дээрх шийдвэрт гарын гарын зурахыг шаардаж байгаа аж.

Г.НАРАН