06.12

Түр зогсолт хийх цаг болоогүй байхад хот бохирын үнэрт автлаа

Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-наас эхлэн хоёр хоног зогсоож, засвар хийхээр болсон. Гэтэл түр зогсолт хийх өдөр нь болоогүй байхад Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэд бохирын үнэрт автжээ. Тус дүүргийн иргэд “Цэвэрлэх байгууламжийн бохир үнэртэж, байж суухын эцэс алга. Шөнө өдөргүй үнэртээд тайван амьдрах нөхцөлгүй боллоо” хэмээн гомдоллосон юм. Энэ талаар УСУГ-ын ерөнхий инженер Д.Эрдэнэбатаас тодруулахад“Төв цэвэрлэх байгууламжийг энэ сарын 15-нд засварлана. Энэ үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул руу ч бохир урсгахгүйгээр засварлах болсон. Одоогоор Төв цэвэрлэх байгууламжийн техник задарч, гацсан зүйл байхгүй. Мөн бохирыг Туул руу асгасан юм алга. Тиймээс бохир үнэртэх ямар ч боломжгүй. Тэгээд ч “бохир үнэртээд байна” гэсэн иргэдийн гомдол ирээгүй” гэлээ. Тэгэхээр иргэд аливаа хүндрэл, эрүүл бус орчинд амьдрах байдалдаа дасан зохицох, ямар ч тохиолдолд гомдол мэдүүлэхгүй байх, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад ч нэмэргүй гэдгийг ойлгох хэрэгтэй болж байх шиг байна. Бас үнэрлэх мэдрэхүйгээ нэг хэсэгтээ ашиглахгүй байсан нь дээр бололтой.

Ц.ЗАЯА