Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээллийг авангуутаа тэрбээр хоёр дахь эх орон болох БНСУ руугаа “дүрвэж” явсан билээ. Түүнд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 148.4-ийн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, хавтаст хэрэг шинээр нээснийг үгүйсгээгүй. Дээрх зүйл ангид “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байгаа юм.
Хэцүү нэртийнд орж, ялтан нэртэн болж явсан экс Ерөнхийлөгч дахин гэмт хэрэгт ийнхүү холбогдож, хууль шүүхийн хаалга татахаас айсандаа зугтсан гэхэд болно. Харин өдгөө түүнийг эх орондоо ирэнгүүт нь баривчлахаар зэхэж байгаа гэх албан бус мэдээлэл ч бий. Гэтэл тэрбээр эх орондоо ирж, эмчилгээ хийлгүүлсэн биеэ тэнхрүүлэхийг ихээр хүсэж байгаа талаар намын нөхдүүд нь ярьж сууна. Даанч эх орондоо ирэх эрх түүнд байхгүй байгаа бололтой юм.