06.15

Хуурамч мөнгөн дэвсгэртүүд 2-3 жил олон хүний гар дамжжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн манай улсын иргэн У, Г нарын бүлэг этгээдүүдэд холбогдох хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. 

Тэд өндөр зэрэглэлийн хувилагч машин ашиглан ихэвчлэн 20 мянга, 10 мянгатын дэвсгэртийг бичгийн цаасан дээр ар, өврийг нь тааруулж хувилаад, голограмм, дардас зэргийг саатай үзгээр балаар бичдэг байжээ.

Ийм замаар үйлдээд хүмүүсийн анхаарал сарнисан шөнө оройн цагаар ихэвчлэн үйлчлүүлэгч ихтэй дэлгүүр, ТҮЦ-ээс хямд бараа авах, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх, ойр зайнд таксигаар үйлчлүүлэх зэргээр хуурамч дэвсгэртээ жинхэнээр задлуулж байжээ.

Уг нь цаасан мөнгийг нягтлан харж, имэрч үзэхэд цаас, товгор хэсгүүд нь мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл, мөнгө хуурамч байна уу, үгүй юу гэдгийг шалгахад ердөө 1-2 секунд хангалттай. Гэтэл иргэд анзааргагүй, итгэмтгий байдлаасаа үүдэж гэмт этгээдүүдийн хуурамч мөнгийг авч, цааш өөр хэн нэгэнд дамжуулсаар 2-3 жил олон хүний гар дамжжээ.

 У,Г  Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлд зааснаар ял шийтгэдэг. Мөнгөн тэмдэгтийг хуурамч гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан л бол 176.1-т зааснаар 2-5 жилийн хорих ялтай. 

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд томоохон дэлгүүр хоршоо, супермаркетуудаас гадна жижиг аж ахуйн нэгж, байгууллагууд хүртэл мөнгө тоолох автомашиныг худалдан авч байршуулах, эсвэл неон гэрэл авч байрлуулах шаардлагатай байна.