Индонези улсад идэвхтэй галт уул хүчтэй дэлбэрч эхэлсний улмаас тус бүс нутагт амьдардаг олон мянган оршин суугч гэр орноо орхин дайжихад хүрчээ. Суматра аралд орших Синабун галт уул нь 2010 онд дахин идэвхжсэн боловч энэ оны зургадугаар сарын хоёрноос бүр хүчтэй идэвхжиж эхэлсэн байна. 2010 оноос өмнө тус галт уул нь 400 жилийн турш унтаа буюу идэвхгүй байсан аж. Уулын ойр орчим, налуу хэсэгт оршин суудаг 3,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлснээс зөвхөн Даваа гаригт 1,200 нь орон гэрээ орхин явсан байна. Эрдэмтдийн зүгээс уг галт уулыг ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд улам илүү аюултай болно хэмээн таамаглаж байгаа юм. Даваа гаригт галт уулнаас уулын бэл рүү халуун үнс, хий бүхий 28 нурам асар хурдтай урссан байна. Индонезийн засгийн газрын галт уул судлаач Геде Суантака мэдэгдэхдээ Синабун уулан дахь галт уулын хайлмаг нэмэгдэх аюултай байгааг анхааруулжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Синабун уулнаас халуун нурам унаснаас болж 14 хүн нас барсан байна.