Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх эсэхийг шийдэх УИХ-ын даргын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус тогтоолын төслийг өнөөдөр байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байсан ч ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар хойшилсон юм. Тэгвэл хойшилсон шалтгааныг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбарлалаа. Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш албан ёсоор гурван удаа хуралджээ. Бүх намын бүлэг, бие даагч гишүүдээс бүрдсэн ажлын хэсгээс гадна дэд хэсэг өдөр тутам хуралдаж төсөл дээр шаргуу ажиллажээ.
Нийт 14 зүйл заалт бүхий дүгнэлт гаргах ёстойгоос 50 гаруй хуудас дүгнэлт бэлэн болоод байгаа аж. Харамсалтай нь Засгийн газар мөн л зарим бичиг баримтыг өгөхгүй учраас дүгнэлт хараахан бүрэн бус гарч чадахгүй байна гэсэн юм. Англи хэл дээрх эхийг авах хүсэлтээ ажлын хэсэг 20 хоногийн өмнө гаргаж, монгол эх, англи эх хоёрыг тулгаж 10 гаруй хуудас зөрүүг гаргасан байна.
Засгийн газраас авах дутуу байгаа бичиг баримтуудыг жагсаавал
-Засгийн газрын 2014 оны 268 дугаар хурлын протокол. / Энэ тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” дээр хөрөнгө оруулагч шалгаруулах гол шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан байдаг аж/
-“Энержи Ресурс” болон Шинхуа компанийн хамтарсан гэрээ /Компани хоорондын гэрээг Засгийн газар гаргаж өгөх шаардлагагүй гэж С.Баярцогт хэлсэн ч хувийн компанийн ажил биш Засгийн газар оролцсон асуудал учраас нийт хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг тусгасан энэ компанийн гэрээнд Засгийн газар ажилласан байх ёстой, ямар нэг байдлаар авах ёстой гэж үзжээ/
-Сүмитомо компанитай байгуулах худалдааны гэрээ /Сүмитомо компани гуравдагч зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргах үүрэг хүлээж байгаа учраас Худалдааны гэрээнд энэ талаар тусгасан эсэх, үнэхээр гуравдагч зах зээлд эргэлдэх эсэх гэсэн асуудлыг тодруулах юм байна/
-“Энержи Ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” компани хоорондын эрх шилжүүлэх гэрээ гэсэн дөрвөн бичиг баримтыг Засгийн газраас хүлээж байна хэмээлээ.
Тиймээс материалаа бүрэн авч байж дүгнэлтээ гаргана гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн онцоллоо. Тэрбээр, “Компани хоорондын гэрээ компани хоорондын нууцад хамааралтай учраас нууцална гэж С.Баярцогт сайд хэлж байна лээ. Ер нь ил тод байх зарчимд Монгол Улс элсэн орж уул уурхайн ил тод байдлын хуулийг батлуулахаар ажиллаж байна. УИХ-аар газрын доорхи баялгийг ил тод хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Газрын доорхи баялгийг ашиглах ямар ч гэрээ нээлттэй ил тод байх зарчмаар явах ёстой юм” хэмээлээ.
УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дор байгуулагдсан дэд ажлын хэсэг энэ сарын 14-15-нд Эрдэнэс Тавантолгой компанид ажилласан байна. Тус компани өнөөдрийн байдлаар агуулахдаа 2.3 сая тонн нүүрс олборлоод хадгалчихсан, хоёр сая тонн нүүрсээ олборлох бэлэн болгоод хөрс хуулалтын ажлыг хийжээ. Энэ нүүрс нь 140 сая ам.доллар бөгөөд Чалкогийн үлдэгдэл 142 сая ам.долларыг дарах нүүрс бэлэн байна гэсэн мэдээлэл өгсөн юм. Түүний сэтгүүлчдийн асуултад хариулсан дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.