06.16

Баруун бүсийн залуус Баян-Өлгий аймагт чуулна

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ зуны гурван сарын хугацаанд зургаан жил завсарласан бүсийн чуулганаа хуралдуулахаар болжээ.

Ингэхдээ Баруун бүсийн аймгуудаас  чуулганы салхийг хагалж,  Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн нийт 200 орчим залуус чуулганд оролцох юм. “Нутагтаа сайхан амьдарцгаая”  уриан дор зохион байгуулах уг чуулган нь залуучуудад тулгамдаж буй асуудлуудаар орон нутгийн залуучуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, МЗХ-ны дүрэм, стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, орон нутгийн салбар, зөвлөлүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэх, удирдлагуудыг шинэ мэдээллээр хангах, залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг чадавхжуулах сургалт хийх, орон нутгийн залуучуудад МЗХ-ны үйл ажиллагааг хүргэх, Бүс нутгийн залуучуудын санал санаачилгыг нэгтгэн хүний хөгжлийн илтгэлд тусгахаас гадна Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын бичиг баримтад оруулах зорилготой.

Тус чуулганыг Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын Холбоо, Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо,  Баян-Өлгий аймаг дахь Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага хамтран зохион байгуулж байна. Чуулган энэ амралтын өдөр буюу 20, 21-нд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно. Харин дараагийн чуулган Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан ирэх сарын 3, 4-нд Баянхонгор аймагт болно.