06.17

Наадмаар алдарт дуучин ирэх нь тодорхой болжээ

Төрийн наадмын нээлтэд Портэ Рико гаралтай алдарт дуучин Жениффер Лопес ирнэ гэсэн мэдээлэл 10 гаруй хоногийн өмнө олон нийтэд цацагдаж хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.

Төрийн үндэсний баяр наадмыг гадны нэг дуучин нээх бус цаашлаад нэг сая ам.доллар үрж дуучин урих цаг мөн үү гэдгийг иргэд шүүмжилж, Жениффер Лопес ирэхгүй гэдгээ мэдэгдэж асуудал намжсан.

Тэгвэл Ерөнхий сайдын ард түмэндээ барих бэлгэнд нэг дуучин урих асуудал өнөө хэр ч хэвээр байгаа гэнэ. Энэ жилийн наадмыг зохион байгуулах комисс энэ талаар яриа хэлцлийг өнөөдрийг хүртэл хийсээр байгаа гэдгийг БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар ярьжээ.
 
Тэрбээр, “Асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Ерөнхий сайд монголынхаа залуучуудад гадны дуучин урьж тоглуулна гээд мэдэгдчихсэн. Манай салбар комисс хэн ирэхийг нь мэдэхгүй байна. Харин тоглолт зохион байгуулах тайз хөгжим, гэрэлтүүлэг бэлтгэх үүрэгтэй.

Миний сонссоноор тав зургаан дуучин хамтлагтай холбогдсон юм билээ. Одоогоор хоёр дуучныг урих ажил эцэслэгдээд явж байгаа гэсэн. Ямар мөнгөөр хэзээ авчрах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гадны дуучин ирнэ. Гэхдээ Жениффер Лопес уу, Беонси, Back street boys гэдгийг эцэслээгүй байна. Зарим хүмүүс наймдугаар сард авчрах нь зөв гэсэн санал гаргасан” хэмээжээ.

Мөн наадам зохион байгуулах комисс хэвлэл мэдээлэлд хамаагүй мандат тараахгүй гэж санал нэгдэж байжээ. Хэвлэл олон орохоор Лхагваа мориноосоо уналаа гэх мэтээр хар бараан талаас харуулдаг учраас ганц нэгхэн телевизэд шууд нэвтрүүлэх эрхийг өгч, бусад хэвлэл тэднээс дүрс яриагаа авах нь зөв гэсэн санал гаргасан гэнэ.

Ардчилсан Засгийн газар хэвлэл мэдээлэлд хаалт боолт тавих шийдвэрийг эцэслэн гаргаад байсан ч зарим хүмүүс хүчтэй эсэргүүцэж, хэвлэл урьдын адил өөр өөрсдийн өнцгөөс баяр наадмаа сурвалжлах эрхтэй болжээ.