АН-ын супер томилгоо
Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү, Ч.Ганзориг. Энэ бол үе үеийн сонгуулийн ялалт даган ирдэг албан тушаалын бялуу хуваалтаар “Эрдэнэт” гэх их айлыг толгойлсон эрхмүүдийн нэрс. Эдгээр нэрсийн хамгийн сүүлд нь Ц.Даваацэрэн бичигдэнэ.
Өмнөговь аймгийн уугуул, бас чиг болоогүй аймгийн заан цолтой энэ эрхмийг АН-ынхан итгэл хүлээлгэн, илгээлт өвөртлүүлж, “Эрдэнэт”үйлдвэр лүү илгээснээс хойш даруй хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ.
Уг нь сонгуулийн дараахан АН-ын зүгээс хуучин захирал асан Д.Дорлигжавын нэр яригдаж байсан ч түүнийг улсын ерөнхий прокурор хэмээх “мэргэжлийнх” нь ажлыг хийлгэхээр тохоон томилж, оронд нь Ц.Даваацэрэнгээр дуусашгүй ундаргат саалийн үнээгээ удирдуулахаар явуулсан.
Энэ нь ч бас учиртай. МАН, МАХН хуучин социализмын үеийн боловсролтой аав, ээжүүдийн хүүхдүүдээр цус сэлбэж байдаг гэдэг утгаараа аль ч төрийн байгууллагад АН-ын томилсон “улаан нойл” залуусаас боловсон хүчнүүд нь эрс ялгардаг гэлцдэг.
Тиймээс ч 2012 оноос хойших АН-ын улстөрийн томилгоо аль болох мэргэжил харгалзсан байдлаар хийхийг эрмэлзэж буй нь ажиглагддаг билээ. Яг энэ зорилгоор инженер мэргэжлээр их сургууль дүүргэж, Бор-Өндөрийн уурхайгаас засварчнаар ажлын гараагаа эхлэх замаар дэвшсээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн албанд томилогдох хүртлээ өөдлөн дэвжсэн Ц.Даваацэрэнгээр “Эрдэнэт”-ийг удирдуулахаар явуулж.
Ингэж АН-ын мэргэжил харгалзсан супер томилгооны хүчээр Ц.Даваацэрэн өнөөдрийн өөрийнх нь эзэмшил маягтай болсон “Эрдэнэт” үйлдвэрийг захирах болсон билээ.