Гол үерлэж, ус улаанаар эргэлдэх үед гарамгүй бол хээр хоноход хүрнэ. Хэзээ үер, ус татрахыг хүлээн ажил албаа алдах нь энүүхэнд. Иймэрхүү дүр зураг хотод үзэгдэх болов. Гарах газар нь гол биш зам. Манай нийслэлд хоёр гуравхан гүүрэн гарц бий. Автомашины замаар санаа амар, чөлөөтэй гарах гүүрэн гарцын нэг, хоёрхон нь дээш өгсөх доош буух цахилгаан шаттай. Хүмүүст тэр дундаа ахмад настан, өвчин хуучтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байх тэр цахилгаан шатны төмөр хаалга голдуухан түгжээтэй байх нь гачлантай. Хөл муутай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахилгаан шатны дэргэд ирж цоожтой хаалга мөргөөд машин зам гарч чадахгүй хүлээж суухыг харахад нэн эмгэнэлтэй.
Тэд холуур тойрч, зам гарч чадахгүй хэр удаан суухыг хэлэхэд бэрх. Ус үерлэж голын цаад эрэгт гарч чадахгүй үер татрахыг хүлээн суух хэн нэгний дүр зургийг санагдуулна. Анхнаасаа цахилгаан шаттайгаар бүтээн босгосон юм чинь үргэлж ажилладаг, ажиллуулдаг хүнтэй болгож яагаад болдоггүй юм бол. Алхаад явчихдаг хүмүүс жирийн шатаар өгсөж уруудаад гарчихаж байна.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ тусын тулд цахилгаан шатыг нь үргэлж ажиллуулахгүй бол хэн нэг нь зам гарч чадахгүй, хээр хонох, даарч хөрөх аюул ойрхон байна. Зориулалтын цахилгаан шатыг зохих заавар журмаар нь тогтмол ажиллуулахыг иргэд шаардаж байна. Нэгэнт хийж бүтээсэн зүйлийг зориулалтаар нь, тогтмол ажиллуулахгүй, үзүүлэнгийн юм шиг үргэлж цоож, цуургатай байлгадгийг болиулахад эрх мэдэлтнүүд анхаарал хандуулж, арга хэмжээ авмаар юм.