06.18

Хакухогийн машины бизнес цэцэглэж эхэллээ

Монгол Улсын Хөдөл­мөрийн баатар Мөнх­батын Даваажаргал Арлын Японд Сүмогийн их аварга болж, харийн бүсгүйтэй гэрлэж, тэндэхийн иргэн болох гэж байгаа талаар нэг хэсэг шуугиж байсан билээ.
   
Тэгвэл тэрбээр аавын­хаа үгэнд орж дээрх замыг сонгохоос татгалзаж, харин ч Монголд газар авч япон будаа тариалж эхэлсэн тухай өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр цацагдаж байсан ч одоогоор түүний брэнд будаа хэрэглэгчдийн гар дээр очоогүйг бодоход ямар нэгэн асуудал гарсан бололтой.
   
Гэвч тэрбээр нэр нө­лөө­гөө ашиглаж юутай ч атугай өөрийн гэсэн бизнес хийх нь зөв гэж үзжээ. Тиймээс “Мөнххада” ХХК-ийг жилийн өмнө байгуулж, Японы алдарт Тоёота брэндийн автомашины Монгол дахь бас нэгэн шинэ салбарынхаа нээлтийг хийсэн билээ.
   
Урьд өмнө Хэт ХХК, Бодь Автомотив, Таван Богд Моторс зэрэг компаниуд Тоёота­гийн Монгол дахь дистри­бьютер болон үйл ажилла­гаагаа явуулж, өрсөлдөөн ихтэй байсан ч чухам яагаад үүнээс өөр брэнд байдаггүй мэт бодож ийнхүү Ланд круизер заг­варын машинууд оруулж ирэх болсон нь цаанаа нарийн учиртай аж.
   
Тоёота брэнд арлын Японы 69 дэх их аваргад ихээхэн найдвар тавьж, түүний нэр хүндээр дам­жин Монголд борлуу­лалтаа хийвэл урьд өмнө байгуулагдсан дистри­бьютер компаниудаас илүү орлого олж чадна гэж М.Даваажаргалд ит­гүүлж чаджээ. Байгуу­лагд­сан цагаасаа хойш “Мөнххада” ХХК-ийн ма­шины борлуулалт бусад өрсөлдөгчдөөсөө илүү гарч, тэр ч бүү хэл Мобиком­той хамтарч “Ёндоотой 9 долоо хоног” су­га­лаат аяныг ивээн тэтгэж байгаа нь аваргын хэр бядтайг харуулж байна.
   
Зах зээлийн судал­гаанаас үзэхэд, монгол­чууд Японы Тоёотагийн машинд нугасгүй болох нь нэгэнт тодорхой болсон тул ийнхүү олон төлөөлөгч компаниуд байсан ч зарж л чадвал цагтаа самар шиг зарагддаг байсан УАЗ-469 шиг одоо бол 0 хувийн хүүтэй лизингийн ландууд моодноос гарахааргүй байна.
   
“Мөнххада” хэмээх ком­панийнх нь нэрийн хувьд Мөнх гэдэг нь аав Мөнхбатынх нь эхний үе, Хакүхогийн Ха, мөн Даваа­жаргалын Да гэдэг үсэгнээс бүрдсэн ажээ.