03.03

Хэвийн боовтой газарт гишгэгдсэн ёс заншил

"Хүнийг өөрчлөгдөж байна гэж айх хэрэггүй. Тэр мөн чанар руу гаа явж буй хэрэг" хэмээн нэгэн дорнын суут сэтгэгч хэлжээ. Манай нийгэм яг аль зүг рүү яваа тухай өдөр бүр л хэн нэгэн мэдэмхийрэгч чухал царай гарган асуух. Тэгвэл бидний нийгэм болохгүй зүг рүүгээ яваад байна гэж хэлье.

Монгол хүн зуунаас зуун, жарнаас жаранд дамжин ёс уламжлалаа хадгалж ирэхдээ өнөөдрийн чөлөөт зах зээлийн нийгэмд ийнхүү хүний мөн чанараа гээсээр байна гэж хэн ч санаагүй. Цаг зав, мөнгө эрх мэдлийн төлөө зогсоо чөлөөгүй тэмцэлдэх бидний хүн чанарын өнгө улам саармагжин бүдгэрсээр. Манай үндэстэнд тэмдэглэдэг баяр бий. Сайхан уламжлал ч бий. Дээд тэнгэрээс заяасан цөөхөн монголчууд ядарч, задарч явсан цаг түүхийн элээх хуудсанд зөндөө л тохиож байлаа. Өвгөд, дээдэс маань хэчнээн ядарлаа ч Монголоо зараагүй, хэчнээн задарлаа ч хүнээ хядаагүй тийм л айвуу тайван, холч ухаанаар хорин нэгдүгээр зуунд улсаа хүргэж өгсөн.

Улс нь хямраад байхад хийрхэл хоосон баярхал улам хүрээгээ тэлсээр. Нэг “баян” тавгийнхаа бүх боовыг хогийн цэг дээр гаргаад асгачихаж.

Гэтэл бид баярлаж чадахаа больжээ. Улс нь хямраад байхад л орлогоосоо илүү давсан зардал, хийрхэл хоосон баярхал цэцэрхэл улам хүрээгээ тэлсээр. Цагаан сараар бүгдээрээ хэмнэнэ гэж төр засаг, жирийн иргэд хоорондоо нүд ирмэн “тохирцгоов”. Гэтэл өнгөрсөн баяраар бид урьд жилүүдийнхээс хоёр дахин нүсэр цагаан сарын худалдан авалт хийжээ.

Чөлөөт нийгэмд хэн юу худалдан авч, хаана хэдэн төгрөгөөр баярлах нь надад хамаагүй байж болох л юм. Гэхдээ яаж ч цатгалдсан хойморьтоо есөн үе давхарлан засдаг идээнийхээ дээж болсон ул боовоо хэд хэдээр нь хог дээр шидэхдээ тулсан баймааргүй юм.

Хэн ч юм дээ нэг “баян” яагаад ч юм дээ тавгийнхаа бүх боовыг хогийн цэг дээр гаргаад асгачихаж. Нэг л айл ингэж ёс уламжлалаа хогийн сав руу шидсэн юм уу гэтэл өөр хэд хэдэн айлыг ийн жудаггүй загнасан гэж “гэрч ховлов”. Цатгалдах өвчин гэж энэ юм болов уу? Хоолныхоо илүү гарсан гурилаа цонхоороо шидэж буйг харсан шинэ бэрээ төрхөмд нь буцааж байсан эх ч бий. 

Ядаж л ядарч яваа нэгэндээ өгчихгүй монгол уламжлалын нэг хэсэг болсон идээний дээжээ газар хаяж буй баячууд монгол ёс заншлаа  ч бас газарт гишгэлж байна.

Т.Бат