Хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг тоглож, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан “Мунзуй” хочит Г.Нямдорж хэдхэн хоногийн өмнө суллагджээ. Түүнд шүүхээс нэг жилийн хорих ял оноосон бөгөөд ийнхүү ялын хугацаагаа жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдэлж дуусгаад наранд гарсан байна.
Тэрбээр гарсан даруйдаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч, гишүүн Н.Номтойбаяр түүнийг элдвээр оролдож зүгээр байлгахгүй байгаа талаар ярьжээ.
Харин мөрийтэй тоглосон талаараа “Намайг мөрийтэй тоглоом тоглосон хэргээр хоёр жил мөрдөн байцааж, нэг жил хорих ялаар шийтгэлээ. Яг үнэндээ бол би мөрийтэй тоглоогүй байхгүй юу. Миний таньдаг хэдэн залуус “DHL” ресторанд гурав хоног тоглож байна гэхээр нь давхиад очдог юм байгаа биз дээ. Дөнгөж ороод сууж байтал цагдаагийн шуурхай бүлэг ороод ирсэн. Арав гаруй залуусаас намайг онцлоод машинд чинь нэгжлэг хийнэ гэхээр нь “Цагдаа нар минь, гар хуруугаа сайн харуулаад гэрэл гэгээтэй, гэрчтэй нэгжинэ шүү” гэж хэлсэн. Тэгээд гэрчтэй нэгжүүлэхэд миний машинаас хар тамхи битгий хэл хадаас ч гараагүй. Тэгээд хэл ам хийдэггүй, араас гүйх аав, ээжгүйгээрээ би 461-р анги руу ачигдсан. Маргааш нь миний өмгөөлөгч “Юу болоод байгаа юм бэ? Бүх хэвлэлээр “Мунзуй” хэмээх Г.Нямдорж мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Машинаас нь хар тамхи, хутга гарлаа гээд мэдээлээд байна. Тийм зүйл болсон юм уу?” гэж асуусан. Тэгээд би ганцаараа мөрдөн байцаагдаж, зохих шийтгэлээ авсан. Харин тэр сайхан залуус миний хомрогонд орж, ял авах вий гэж айсан. Ашгүй ял аваагүй ээ” хэмээн ярьжээ.