Сүүлийн хоёр жил бороо хур багатайгаас үүдэж Манай улс гангийн байдалтай байгаа. Албаны мэдээллэр энэ жил манай нийт нутгийн 70 орчим хувь нь гандуу, үүний 30 орчим хувь нь гангийн хэмжээнд хүрч, хуурайшиж, хатаад байна. Ялангуяа газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт зуншлага мууджээ.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, үүлэнд зориудаар нөлөөлөх 500 ширхэг пуужин худалдан авч, тариалангийн бүс нутгуудад хур бороо оруулахаар болсон.
Гэвч хүсэвч хясна гэгчээр Хятадын талаас үнэ хөлсөө тохирч чадвал гурван сарын дараа л пуужинг хүлээлгэн өгөх боломжтой гэсэн "маадгар" хариу өгсөн байна.
2013 онд худалдан авсан 600 ширхэг зориулалтын пуужингаас өнөөдөр ердөө 50 ширхэг байгаа юм. Үүгээрээ асуудлыг аргацааж, ган гачигаа тайлж амжаагүй байтал 7-р сар дуусна.
Тэгэхээр пуужин ирэхийг хүлээсээр бараг 10 сартай золгох нь байна. Тэр үед юун бороо хур хүсэх, ногооны ургалтын үе өнгөрч, хүйтний улиралтай золгоход ойртоно гэсэн үг.
Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг гэдэг, нэгэнт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шийдвэр гарсан учраас түүнийгээ даруйхан шийдээд, пуужинг авах хугацааг наашлуулах тал дээр ажиллаж эхлэхгүй бол иргээд өвөлжилт хүндэрч, дараа дараагийн толгой өвтгөсөн асуудал үүсэх нөхцөл бүрдээд байна.
Дашрамд дурдахад анх 2007 онд Засгийн газрын тогтоол гарч, БНХАУ-аас үүл буудах зориулалтын пуужин худалдан авч эхэлжээ. Гэвч урд хөрш 2013 оноос хойш зориулалтын пуужингийн үнийг нэмэгдүүлж, зөвхөн төлбөрөө бүрэн шилжүүлсэн тохиолдолд өгнө гэж "луу унжих" болсон байна.
Д.Үржин