06.25

Тавантолгойн ордоос урьдчилсан таамгаар 51 тэрбум шоо метр хийн нөөц илэрчээ

Тавантолгойн ордоос 1700 жил ашиглах хэмжээний метан хийн нөөц илрүүлсэн талаар “AsiaRussia” сайтад мэдээлсэн. Тэгвэл энэ талаар  Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн нүүрсний орд дээр гурван жилийн өмнөөс Эрдэнэс-Тавантолгой компани Солонгосын "Ко-Газ"  компанитай хамтран нүүрсний давхрагын метан хийн судалгааны ажлыг хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд тодорхой таамаг нөөцийг тогтоосон. Урьдчилсан таамаг нөөц нь 51 тэрбум шоо метр гэж гарсан байна. Оросын сайт дээр гарсан 1700 жил ашиглах байгалийн хийн нөөц гэдэг нь батлагдаагүй мэдээлэл. Өнгөрсөн хугацаанд Солонгос Улсын төрийн өмчит “Ко-Газ” компанитай туршилт судалгааны ажлыг хийсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн туршилтын үйлдвэрүүдийг оруулж ирсэн. Туршилтын үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр тухайн орд газраас өдөрт, жилд ямар чанартай хэчнээн хэмжээний байгалийн хий гарах вэ гэдгийг тооцно” хэмээсэн байна. Ямартай ч Тавантолгойн ордоос метан хий илэрсэн бөгөөд ойролцоогоор 25 орчим жил ашиглах байгалийн хийн нөөц юм байна.

Н.ЗАЯА