06.25

Тарьсан хогоо цэвэрлэх ухамсартай байцгаая

Хүн бүр амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийг эрхэмлэдэг. Нар хур тэгширсэн зуны нарлаг өдрүүд үргэлжилж байгаа болохоор ч тэр үү иргэд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо агаар салхинд гарах нь ихэсдэг. Би ч мөн өнгөрсөн амралтын өдрөөр найзуудтайгаа Туул голыг зорив. Нэг өдөр ч гэсэн голын эрэг дээр өнжье гэсэн бодол маань Туулын эрэг дээр очингуут эмзэглэл, харамслаар солигдох нь тэр. Энд тэндгүй машин эрээлжлэн зогсч, идэж уусан хүмүүс л хаа сайгүй харагдах аж. Туул голын орчим тэр чигээрээ амрагчдын идэж уусан хүнсний зүйлийн хаягдал архи, пиво, ундааны шил лаазаар дүүрч, үнэгүй машин угаалгын газар болон хувирчээ. Ундны усныхаа эх ундаргыг хогийн цэг болгож, Туул голоо амралт зугаалгын бүс болгосон гэхэд бараг л хилсдэхгүй. Нойтон салфетка, чихэр печенийн цаас гол дотор урсах нь бүр энүүхэнд. Гол бараадаж, агаарт гарахыг хүссэн хүмүүс автомашинаар ирдэг биз. Алхаж ирсэн ч гэсэн авчирсан хогоо цэвэрлээд, аваад явах ухамсартай баймаар байна. Нөгөөтэйгүүр Туул голын эрэг хавиар хогийн сав байдаггүй юм билээ. Амралтын бүс, хүмүүс олноор цугладаг, хог ихээр тарьдаг газарт хогийн сав байрлуулах нь хамгийн зөв гарц баймаар.

С.Хорлоо