Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллага буюу будда 24, христ 23, ислам 1, бөөгийн үйл ажиллагаа явуулдаг 10 байгууллага байгаа юм. Шалгалтаар мэргэжлийн хяналт болон Татварын тухай хуулийн хэрэгжилт зарим нэг шашны байгууллагуудад хангалтгүй байсан байна.
Тодруулбал, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтын газар байхгүй, ариун цэврийн шаардлага хангалтгүй, мөн тухайн шашны байгууллагад ажилладаг ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч нийгмийн даатгалд даатгуулаагүй зэрэг зөрчлийг илрүүлжээ.
Түүнчлэн хэд хэдэн шашны байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан аж. Зөрчилтэй байгууллагад газар дээр нь албан мэдэгдэл өгч ажилласан байна. Уг албан бичигт тодорхой хугацаанд зөрчлөө арилгахыг даалгажээ. Харин дүүргийн ИТХ-ын ажлын бүрэлдэхүүн эрх зүйн хүрээнд ямар нэгэн зөрчил гаргахгүй хуулийн хүрээнд ажиллахыг зөвлөж ажилласан бөгөөд цаашид дүүргийн зүгээс хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд нь хяналт тавьж ажиллах юм байна.