Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Түлүүгийн давааны зам дээр 34-08 УНЯ улсын дугаартай “Клюгер” загварын суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг Онцгой байдлынхан өчигдөр хүлээж авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын гурван алба хаагч, нэг автомашинтайгаар очиж ажиллан иргэн Д 43 настай эмэгтэй, иргэн Д 39 настай, эрэгтэй, иргэн О нэг настай иргэд ослын улмаас газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсныг тогтоов.
Цагдаагийн байгууллага иргэн Д 36 настай, эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Харин найман настай эмэгтэй Э ухаангүй байсныг цуг явсан автомашинтай хүмүүс нь авч явсан талаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Ийнхүү орон нутагт автомашин осолдож, хүний амь эрсдэх тохиолдол их гарч байгааг анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.