06.29

Д.Сарангэрэл: Сэтгүүлчид хүлээлгэх хариуцлагыг мэргэжлийн зөвлөлөөр нь шийдүүлдэг байх хэрэгтэй

Зөрчлийн тухай хуульд сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу барьж, хорих заалт орж ирсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Сэтгүүлчдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсан бол энэ удаад Зөрчлийн хууль руу энэ заалтыг шилжүүлж оруулж ирсэн байсан. Үүнийг хуульд хэрхэн зохицуулсан талаар та мэдээлэл өгнө үү?

 -Бид энэ асуудлыг 20 гаруй жил ярьсан. Сэтгүүлчдийг мэргэжлийн, санамсаргүй алдаа гаргасных нь төлөө хулгай хийж, танхайрсан хүмүүсийн нэгэн адил гэмт хэрэгтэнд тооцож, их хэмжээний мөнгөөр торгодог. Улмаар шоронд хорьдог хуулийн заалт үйлчилж байсан. 20-иод жил ярьсан асуудлыг энэ удаагийн парламент үйл хэрэг болголоо гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид мэргэжлийн алдаа гаргасныхаа төлөө шоронд хоригддог энэ заалт өнөөдрөөс үгүй болж байна гэж ойлгож болох нь. Гэхдээ торгуулийн заалт үлдсэн. Зөрчлийн хуулиар хэрвээ та хүний нэр хүндийг гутаасан болон илтэд худал мэдээлэл тарааж, гүтгэсэн бол хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээд буюу хэвлэл мэдээллээр жишээ авбал редакцийг 20 сая төгрөгөөр торгохоор заалт орсон. Гэхдээ энэ заалт зөвхөн сэтгүүлчдэд хамаарахгүй шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээс гадна жирийн иргэдэд ч хамаатай заалт гэж ойлгоорой. Би өөрөө сэтгүүлч хүнийхээ хувьд хэвлэл, сэтгүүлзүйтэй холбоотой маргааныг болж өгвөл редакцийн бие даасан төвшинд мэргэжлийн байгууллагын хүрээнд, эсвэл Иргэний хуулиар шийдээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Энэ үүднээс дээр дурдсанчлан хоёр болон 20 сая төгрөгийн торгуулийг бүр үгүй болгоод сэтгүүлчдийн Мэргэжлийн ёс зүйн зөвлөлийн хүрээнд шийдээд явбал ямар вэ гэдэг асуудлыг тавьсан. Харин УИХ-ын даргын зүгээс намайг “Даварч байна” гэсэн л дээ. Гэхдээ би энэ үгэнд гомдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, ганц УИХ-ын дарга биш, олон гишүүн ер нь гүтгээд байж болох нь. Ямар ч шийтгэлгүй, хариуцлага тооцуулахгүй байхыг хүсээд байна гэж биднийг ойлгоод байгаа юм. Тэгэхээр бид энэ ойлголтыг нь засч залруулахын төлөө ажиллах ёстой. Олон гишүүн ийм байр суурьтай байна лээ.

 -Улстөрчдөд өөрсдийг нь барьж хорьдог хууль батлах сэжүүрийг сэтгүүлчид маань гаргаж өгөөд байна гэсэн үг үү?
 -Энд заавал хэлэхийг хүсч байгаа нэг зүйл бол манай сайтууд их анхаарах хэрэгтэй байна. Нэрийг нь хэлээд яахав, олон гишүүн шүүмжилж байна лээ. Нэгэнтээ телевизээр гарч байгаа учраас манай сэтгүүлчид өөрсдөө сонссон байх. Нэг сайт нь худал мэдээлэл нийтлэхэд бусад нь борооны дараах мөөг шиг өлгөж аваад тарааж байна. Мэдээллийнхээ үнэн баттай эсэхийг нягталдаггүй. Тийм учраас хүний нэр хүндэд халдаад байна гэдгийг хэлэх хүн олон байна. Үнэндээ ч амьдрал дээр ийм зүйл байгаа. Тийм учраас өөрсдийнхөө үйл ажиллагаанд анхааралтай хандахгүй бол улстөрчдийн зүгээс ийм ойлголттой байна шүү гэдгийг анхааруулмаар байна.

 -Тухайн сэтгүүлч нэг иргэнийг гүтгэсэн байлаа гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагаас гүтгүүлсэн хүнд хандаж залруулга гаргахгүй. Харин хувь сэтгүүлчид хариуцлага тооцох тогтолцоотой болох нь гэж ойлгож болох уу?
-Яг тэгж ойлгож болохгүй. Бид өнөөдөр Мэргэжлийн ёс зүйн зөвлөлтэй болчихоод байгаа. Би сэтгүүлчийн хувьд, энэ гал тогоонд ажилласаар ирсэн хүнийхээ хувьд сэтгүүлзүйн мэргэжлийн алдаатай холбоотой асуудлыг юу юугүй хууль хяналтын байгууллагад аваачилгүйгээр Мэргэжлийн зөвлөл дээр нь хэлэлцээд “Манай сэтгүүлч санамсаргүй байдлаар эсвэл яарснаас болоод мэргэжлийн ийм алдаа гаргачихаж” гээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага юмуу мэргэжлийн зөвлөл нь уучлалт хүссэн нөхцөлд заавал торгохгүй байж болох юм гэж харж байна. Заавал Зөрчлийн хууль руу очихгүй байх боломж нь нээлттэй байгаа юм билээ. Учир нь, хоёр сая гээд байгаа торгууль чинь гүтгүүлсэн, нэр төрөө гутаалгасан гээд байгаа хүнд очихгүй, улсын орлого л болох юм шүү дээ. Тэгэхээр нэг ёсондоо, торгуулиар улсад орлого бүрдүүлэх нөхцөл рүү бид явж болохгүй. Монголын улс төрийг, Монголын сэтгүүлзүйг эрүүлжүүлэхэд л энэ заалт чиглэх ёстой гэж бодож байгаа. Тиймээс заавал Зөрчлийн хууль руу очилгүйгээр тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Мэргэжлийн ёс зүйн зөвлөлөөр энэ асуудлыг шийдээд байх боломжтой.

 -Нэгэнт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг заалтыг авчихсан юм чинь торгууль ч юмуу ямар нэгэн байдлаар хариуцлагын систем байх хэрэгтэй биз дээ?

 -Миний дээр хэлсэнчлэн торгуулийг ч гэсэн үгүй болгоё гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аливаа иргэн ч бай хүн гүтгэснийхээ төлөө ямар нэгэн шийтгэлгүй үлдэх тухай асуудал биш л дээ. Хэвлэлтэй холбоотой асуудлыг Мэргэжлийн ёс зүйн зөвлөлөөр шийдвэл амьдралд илүү ойрхон байна гэж хараад байгаа юм. Ялангуяа гүтгүүлсэн, нэр хүндээ гутаалгасан хүний нэр төрийг сэргээхэд энэ нь бодит хөшүүрэг болно гэж үзэж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, аливаа сонин нэг иргэн эсвэл улстөрчийг гүтгэлээ гэж үзэхэд гүтгэлгийн материал нийтэлсэн тухайн нүүрэн дээрээ уучлалт гуйвал тэр хүний нэр төр сэргэнэ шүү дээ. Түүнээс нэг сэтгүүлчийг хоёр сая, нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг 20 саяар торгосноор тухайн хүний нэр хүнд сэргэхгүй. Зөвхөн өнөөх торгуулийн мөнгө нь улсын орлого болоод л өнгөрнө шүү дээ. Тэгэхээр амьдралд илүү ойрхон байх үүднээс Мэргэжлийн ёс зүйн зөвлөлөөрөө асуудлаа шийдүүлдэг байя гээд байгаа юм. Нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллага цэвэрших, мэргэжлийн төвшинд ажиллах, мэдээллийнхээ эх сурвалжийг нягтлахад илүү дөхөм болох юм болов уу гэдэг санаагаар л Мэргэжлийн зөвлөлөөрөө асуудлаа шийдүүлье гээд байгаа хэрэг.

 -Ер нь өнгөрсөн хугацаанд эрүүгийн хуулиар хэчнээн сэтгүүлч хариуцлага хүлээсэн байдаг юм бэ?
 -Ердөө сүүлийн нэг жилийн хугацаанд 14 сэтгүүлч Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн гэдэг тоо гарсан байна лээ. Манай УИХ-ын гишүүд хэлээд байгаа юм. Яг гүтгэхтэй холбоотой заалт зөвхөн хэвлэл мэдээллийнхэнд хамаатай биш. Бүх хүнд хамаатай заалт гээд байгаа. Яг жирийн иргэн хэн нэгнийг гүтгэснээр хариуцлага хүлээж байсан тохиолдол өнөөдрийг хүртэл статистикаас авч үзэхэд байхгүй л байгаа шүү дээ. Дандаа л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй холбоотой байдаг учраас энэ талд анхаарал хандуулаад байгаа юм .

 -Үүнээс гадна эрх хасах заалт бас Зөрчлийн хуульд багтсан байсан шүү дээ. Хэдийгээр энэ заалтыг хассан ч ямар тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг цуцлахаар оруулж ирсэн юм бэ?
 -Зар сурталчилгааны хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд таван хариуцлага ногдуулах заалт байгаа юм. Тухайлбал, сонин, телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн зар сурталчилгааны материалыг зургаан сар хадгал гэж байгаа. Гэтэл бид тухайн компани, аж ахуйн нэгжийн зар сурталчилгааны материалыг хадгалах ямар ч шаардлагагүй шүү дээ. Тийм бололцоо ч байхгүй. Үүний тулд багагүй хөрөнгө мөнгө шаардана. Ер нь зар сурталчилгаатай холбоотойгоор таван заалт зөрчсөн, түүнийгээ давтан үйлдсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хаах, эрхийг нь цуцлах заалт орсон байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох, хаах гэсэн хуулийн заалт байгаагүй юм шүү. Хэдийгээр хуульд ийм заалт орж ирсэн ч хэлэлцүүлгийн явцад хассан. Энэ дашрамд Д.Дорлигжав сайд, Хууль зүйн байнгын хороо, гишүүн Д.Лүндээжанцан гээд олон гишүүн идэвх санаачилгатай ажиллаж байж хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хасдаг заалтыг хассаныг хэлэх нь зүйтэй байх. Нөгөө талаар энэ удаагийн УИХ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлд эрүүл хандаж байгаагийн илрэл гэж үзэж байна.

 -Эрх хасахтай холбоотой таван заалтыг тодруулна уу?
 -Дээр дурдсанчлан зар сурталчилгааны материалыг архивлах. Нөгөө талаас зар сурталчилгаатай холбоотой материалыг мэдээлэл, тойм, сурвалжлага бэлтгэхдээ ашиглахгүй байх гээд үндсэндээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотоод үйл ажиллагаанд багагүй халдсан, ялангуяа санхүүгийн талаар бэхжих үйл явцад саад болсон заалт байсан л даа. Гэхдээ эдгээр заалтыг ерөнхийд нь нэлээд засч залруулсан. Үндсэндээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулахад ямар нэгэн саадгүй байх хуулийн заалт туссан гэж ойлгож болно.

-Сэтгүүлчдийг барьж хорих заалт өмнө нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд орж ирээд багагүй хэл ам дагуулж байсан. Гэтэл энэ удаад Зөрчлийн хуульд “зүсийг нь хувиргаад” оруулаад ирж байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг барьж хорьдог байх сонирхол улс төрчдөд байгаа юм биш биз гэдэг хардлага байгаа учраас ингэж асууж байна л даа?
 -Энэ бол УИХ-ын бүх гишүүний санаа оноо биш шүү. Гэхдээ зарим хатуу дэглэмтэй орны хуулийг харчихдаг юм шиг байгаа юм. Бас зарим улстөрчийн хэвлэлийг өөрийнхөө дохио зангаагаар үйлчлүүлэх гэсэн санаатай үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Хоёр ч хуульд ийм заалт ороод ирж байна. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад засаад явж байгаа нь дэвшил юм даа.

 -Хаврын чуулган хаалтаа хийхэд бага хугацаа үлдлээ. Энэ удаагийн чуулганыг та хувь гишүүнийхээ хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Чуулган их идэвхтэй хуралддаг гэж би хувьдаа боддог. Өмнөх парламентын үйл ажиллагааг харахад завсарлага их авдаг, ирц нь хүрэхгүйгээс чуулган хуралддаггүй байдал ч их ажиглагддаг байлаа. Би өөрөө ч энэ байдлыг сурвалжилдаг байсан. Харин энэ удаагийн парламентыг харж байхад үйл ажиллагаа нь нэлээд жигд явдаг. Ялангуяа ирц гайгүй байдаг. Ирц хүрээгүйгээс хурал хойшилж байсан тохиолдлыг төдийлөн санахгүй байна. Би өөрөө хуралдаа идэвхтэй суудаг гишүүний хувьд тэгж л хардаг. УИХ-ын даргын хэлснээр хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэхээр болсон шүү дээ. Яахав, зарим асуудал гацаж байгаа нь эргэж харах шаардлагатай, нэлээд сайн судлах ёстой нөхцөл байдлаас болж байгааг үгүйсгэхгүй. Ер нь цаашдаа намын бүлгүүд сайтар ярилцаж ойлголцдог, нэгдсэн шийдэлд хүрдэг, үүний дараагаар асуудлаа чуулган руу оруулж ирдэг жишиг тогтоох шаардлагатай юм шиг санагддаг. Тэгэхгүй бол иргэдийн дунд төрийн нэр хүнд унах байдал үүсч байна л даа. Ер нь хамгийн гол нь асуудалд бодитоор хандана гэдэг чухал байгаа юм.

М.ӨНӨРЖАРГАЛ