-ХОТЫГ ДАХИН ХӨГЖҮҮЛЭХ ХУУЛИЙГ БАТАЛЛАА-
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 71.1 хувийн саналаар баталлаа. Гэхдээ хуулийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Су.Батболд “Хотыг дахин хөгжүүлэх тухай гэж нэрлэх нь зохимжгүй. Энэ талаар ажлын хэсэгт хэлсэн, өөрчилсөн үү” гэдгийг тодруулсан. Харин ажлын хэсгээс өгсөн мэдээллээр энэ асуудлыг хоёр ч удаа ярилцаад “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх” гэсэн томъёолол болгон оруулж иржээ. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өмчлөгч өөрийнхөө өмчийг зарахгүй гэж байхад, газрыг нь авмаар байна гээд шүүхэд өгдөг болох нь. УИХ-аас өчигдөр газраа барьцаанд тавих юм бол шүүхдэхгүйгээр шууд авах хууль баталсан. Одоо дахиад өмчийн эзнээс газрыг нь авмаар байна, энэ талаар шүүхээс шийдвэр гаргуулж өг гэж оруулж ирэх нь болж байгаа юм уу” гэв. Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Ажлын хэсэг газар чөлөөлөх асуудлыг олон талаас нь ярьсан байна лээ. Үндсэн хуульд байгаа заалтаар олон нийтийн эрх ашгийн үүднээс төр нөхөн олговортой холбоотойгоор шүүхэд хандана. Одоо үйлчилж байгаа журмаар 75 хувь нь зөвшөөрөхөд газрыг чөлөөлдөг, тэрний дараа хэд, хэдэн процедур явдаг. Энэ ажлыг урагшлуулахын тулд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн” хэмээн хариулсан. Харин үүний дараагаар төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, улмаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хувьчлах жагсаалтад Монголын хөрөнгийн бирж, “Хөтөлийн цемент шохой”, Монголын хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн өмчит компани багтсанаас гадна боловсрол, эрүүл мэндийн салбарыг ч хувьчлалд хамруулахаар оруулсан байсан юм. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг нийгмийн салбарт хийх хувьчлалыг хойшлуулж, энэ тухай бүлэг заалтыг хасах шийдэлд хүрснийг УИХ-аар санал хураах үед хүлээж авсан юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ- ын гишүүн Ш.Түвдэндорж “Хөтөлийн цемент шохой” компанийн 10 хувийг ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчилна гэж... Энэ чинь өмчийн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн асуудал болж хувирч байгаа юм биш үү” хэмээн асуусан. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороны дарга Ж.Батсуурь хариулахдаа “Байнгын хороон дээр энэ тухай тодорхой яриагүй. Ажлын хэсэг дээр яриад 10 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг хувьчлал өмнө нь яваагүй. Хууль давсан учраас санал хураах үед анхаарах ёстой гэж үзсэн” гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Хууль нийцэж гарах ёстой, нийцүүлэх арга хэмжээ аваарай” гэж анхааруулав. Ингээд төрийн өмчлөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Л.Энх-Амгалан: -Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл яриад байна. Зэрэгцүүлээд Төрийн өмчийн хорооны өөрчлөн байгуулалт бүтцийн асуудлыг ярих ёстой юм биш үү. Төр хэчнээн хэмжээний өмчтэй вэ гэхээр таван их наяд төгрөг гэдэг. Хэзээ хийсэн үнэлгээ юм бэ. Төрийн өмчит 74 аж ахуйн нэгжийн олонхи нь алдагдалтай. Дахин үнэлгээг хэзээ хийх вэ. Төрийн өмчит компаниудын өр хоёр их наяд төгрөгт хүрчихээд байна, энийг яаж шийдэх юм. Төрийн өмчийн хорооны удирдлага менежментийг эхэлж ярьчихаад дараа нь жагсаалтыг нь хийх ёстой юм биш үү. Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд 500 орчим хүн байдгийн 300 нь яам, агентлагийнхан. Компанийн хуулиар хараат бус гишүүд томилох асуудлыг хэзээ хийх вэ.
Ө.Энхтүвшин: -Уг нь энэ хувьчлалын жагсаалтыг өнөөдөр ярьж байх ёстой эд биш. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа бий болсон Засгийн газар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ батлууллаа, дараа нь энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан. Гэвч чадаагүй, 2013, 2014 онд чадаагүй. Ингэж явсаар шинээр бий болсон Засгийн газар энэхүү асуудлаа 2015 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан. Оруулж ирэхдээ энэ оны төсөвт өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг төвлөрүүлэх шаардлагатай гэдэг байдлаар оруулж ирсэн. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол төсвийн орлого тасрах гээд байна гэсэн. Нөгөө талдаа том бодлогын юм ярьж чадахгүй, ярилаа ч хэрэгжүүлэх хугацаагүй. Тийм учраас эхний ээлжид энэ асуудлаа батлах. “Хөтөлийн цемент шохой” компанийн 10 хувийг ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг өчигдрөөс яриад эхэллээ. Төрийн өмчийн хорооныхон 1991 оны хуулийг барьж энэ асуудлыг оруулж ирсэн гэж байгаа. Би сая Засгийн газраас “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийнхэнд 10 хувийг өгөх тухай асуудлыг лавлахад аман амлалт бол өгсөн юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр дарга ийм тайлбар хийж байна.
-Д.Ганхуяг: -Монголын хөрөнгийн биржийг хувьчлах жагсаалт орж ирсэн байтал ажлын хэсэг хасах санал гаргаад Байнгын хороо дэмжээгүй байна. Нийгмийн салбарын хувьчлалыг хасаад өөрчлөн байгуулалтыг нь үлдээе гэж үзэж. Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадвар нь унасан учраас ихэнх иргэд гадаад руу явж эмчлүүлдэг. Ядахдаа өөрчлөн байгуулалтыг нь үлдээхгүй бол Засгийн газар солигдсоны дараа удирдлага нь өөрчлөгдөж бужигнуулдгийг больё л гэсэн. Ийм зарчмын асуудал дээр саналаа нэгтгээд оруулаад ирэх ёстой.
Ж.Батсуурь: -Монголын хөрөнгийн биржийн хувьчлалыг хасъя гэсэн. Яагаад гэвэл нэгдүгээрт, өртэй. Хоёрдугаарт, олон улсын зах зээлд хувьцаа зарах борлуулах нөхцөл бүрдээгүй гэж үзсэн. Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалтын тухайд энэ асуудлыг яриад, хувьчлалыг нь больчихъё, өөрчлөн байгуулахыг нь дэмжье гэсэн. Өөрчлөн байгуулалт хийхгүй бол удирдлагыг нь сонгуулийн дараа солино гэх юм, хуулиа л хэрэгжүүлнэ ш дээ. Шаардлагатай бол сольж л таараа.
Ө.Энхтүвшин: -Нийгмийн салбарт өөрчлөн байгуулалт хийе гэх нь зөв. Ингэхийн тулд их, дээд сургуулийг өөрчлөн байгуулах хуулийн төслөө оруулаад ирж болно. Томилгооны тухайд, сайд нь их, дээд сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлөө бүрдүүлдэг учраас энийгээ өөрчилж, өрсөлдөөнтэй байдлаар шийдэх хэрэгтэй. Монголын Хөрөнгийн биржийн хувьчлалтын тухайд Лондоны хөрөнгийн биржид өртэй, дотоодод мөн татварын их өртэй гэсэн. Гэхдээ Лондоны хөрөнгийн биржид төлөх найман сая ам.долларыг 2015 оны төсвөөс төлөөд дуусгасан. Татварын бага зэргийн асуудал бий. Сүүлийн үед Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа жаахан сэргэх маягтай байгаа. 2015 он гарснаас хойш 30-аад тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн, Засгийн газар ч дэмжиж ажиллаж байгаа. Үндсэн үйл ажиллагаандаа орж чадахгүй байгаа ч итгэл төрүүлсэн юм харуулаад байгаа учраас энийг харах. Дээр нь Засгийн газар, УИХ дэмжиж хийх зүйлээ хийж өгөх. Жишээ нь, ордуудын хувьцааг гаргах шийдвэр гаргасан хэрнээ тийм боломжоор нь хангаж өгөөгүй. Компаниуд мөн нээлттэй болох. Ер нь эдийн засаг сайн үед хувьчлалаас мөнгө олно уу гэхээс хүнд үед хувьчлалаас мөнгө олно гэдэг бэрх. Ингээд ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад, нийгмийн салбарт хувьчлал хийхгүй байхаар тогтлоо. Мөн “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн 10 хувийг ажилчдад нь үнэ төлбөргүй хувьчлах, Хөдөө аж ахуйн биржийн тодорхой хувийг үнэгүй хувьчлах зэрэг асуудлыг хуульд нийцүүлэн засах үүргийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Ингэснээр энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
М.ӨНӨРЖАРГАЛ