“Их хаанаа хүндэтгэн залах ёслол” гээч юм өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Үндэсний их баяр наадмаас дутахааргүй өргөн хүрээг хамрав. Б.Сарандавааг хэтэвчээрээ даллавал мөнгөтэй болно гэхэд манайхан шоолдог ч танхим дүүрэн хүн очдог. Түүний адилаар дээрх ёслол гээчийг ч бас цэнгэлдэх дүүрэн хүн үзсэн нь манайхан мухар сүсгээсээ салаагүй гэдэг нь илт.
За энэ ч яах вэ, гол нь өчигдөр болж өнгөрсөн арга хэмжээг хэн санхүүжүүлж, хүмүүсийн тархи угаахад хайр найргүй мөнгө цацав. Үнэндээ төв цэнгэлдэхийг бүтэн өдрийн турш түрээсэл, урлагийн тоглолт үзүүлэн, телевизээр шууд дамжуулсан энэ арга хэмжээний үеэр “тэнгэр цэвэрлэж, хаан тодруулагч” гэж өөрийгөө өргөмжилсэн И.Мөнхсаруул гэгч эмэгтэй шинээр тодруулах Чингис хаанаа магтсан. Энэ ажилд ингэтлээ хөрөнгө зарсныг бодоход цаад санхүүжүүлэгч нь арай шинэ хаан юм биш биз гэсэн хардлага байна. Олон нийтийн сүлжээгээр “АПУ”-гийн гэх тодотголтой Г.Батхүү, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ байсан гэх мэдээлэл ч гараад амжсан. Ямартай ч энэ хэмжээний хөрөнгө зарахаар хүн гэвэл бэлтэй нэгэн л байж таараа.
Манайхан энэ мэт зүйлд итгэн хошуурч байгаа нь өнөөдөр иргэдийн боловсрол, ухамсар хэр байгаа нь харагдаж байна. Ингэж байхаар ирэх жил УИХ-ын сонгуультай зэрэгцээд Чингис хаанаа тодруулчихгүй юу даа. Тэртэй тэргүй 76 улс орноо удирдаж, өөд татаж, эдийн засгийн хямралаас гаргаж чадахгүй байгаа юм чинь. Мөнөөх хаан нь Монгол Улсаа залаад явах ч юм бил үү. Бэлтэй нэгэн бол гуравхан сая монголчуудаа асуудалгүй тэжээчих ч юм бил үү.



Г.НАРАН