Банш хэмээх хочоороо олноо хүндлэгдэх жүжигчин Батааг найман настнаас наян настан хүртэл бүх хүмүүс андахгүй. 10 хүүхэдтэй айлын бага хүү, тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтсан нэлээд эрх танхи өссөн нэгэн. Багадаа хүндийн өргөлтөөр хичээллэж явсан Батаа хэрэв жүжигчин болоогүй бол уран барилдаантай бөх болох байсан хэмээн өөрөө дурсах дуртай юм билээ. Өвөрхангай аймгийн уугуул тэрээр дунд сургуулиа төгсөөд “хотын хүн” болохоор найзынхаа аавын паз автобусаар нийслэлд орж ирсэн түүхтэй. Хөдөөний хүү анхандаа хот мэдэхгүйн улмаас төөрч будилж, “хөдөөнийхөөрөө” бишгүйдээ дуудуулан загнуулдаг байж. Аливаад хурдан дасдаг Батаа асар богино хугацаанд хотожсон гэнэлээ. Жүжигчин Батаа “Оогий нуугийгийнх” гэдгээсээ огтхон ч ичдэггүй, харин ч бахархдаг тухайгаа ярьж байсан.
Сүүлийн үед залуус орон нутгийнх гэхийг Оогий нуугий хэмээн товчилж ярьдаг болж. Ер нь оогий нуугийгийнх хэмээн бие биенээ чичилж байхаар бүгд дор бүрнээ хогоо хогийн саванд хаяж эхэлбэл, хотын соёл төлөвших бус уу.