Үндэсний их баяр наадмаар телевизүүд хамтран, шууд нэвтрүүлгийн нэг багтай ажиллахаар болсон талаар телевизийн удирдлагууд өнөөдөр мэдээллээ. Жил бүрийн наадмаар олон телевизийн камер талбайд гарч наадамчин олонд саад болдог талаар гомдол ирэх болжээ. Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос энэ жил 15 телевизийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж наадам дамжуулахаар болсон байна.
Энэ үеэр үзэгчдийн хувьд бүх телевизээр нэг дүрс гарна гэж ойлгож болохгүй гэдгийг онцоллоо. Шууд нэвтрүүлгийн багийнхан дүрсийг олон талаас нь бичих бөгөөд тухайн телевиз аль дүрсийг сонгохоо өөрсдийн сонголтоор шийдэх аж. Мөн телевизүүдийн сурвалжлах багийн сэтгүүлчдэд ч талбайд ажиллана. Гол нь наадмын нээлт, хаалт зэрэг албан ёсны арга хэмжээнд телевизүүдийн нэгдсэн баг ажиллана гэдгийг онцолсон юм. Шууд дамжуулалтын нэгдсэн багт “Eagle”, “SBN”, “TV5”, “TV9”, “MN25”, “TM”, “Cтар”, “Шинэ дэлхий”, “Эх орон”, “TV8”, “UBS”, “ETV”, “Монгол HD” зэрэг телевизүүд ажиллахаар болжээ.
Н.АЗ