06.30

Эрүүгийн хуулиас ямар заалтууд өөрчлөгдөж байна вэ

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болох Гэмт хэргийн тухай хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Монгол Улс 2002 онд Эрүүгийн хуулийг батлан дагаж мөрдсөнөөс хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоох болон гэмт хэрэгт тооцох нөхцлийг тодорхой болгох, шинэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улс нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, шинэ хууль батлагдаж, бусад хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хийж ирсэн байдаг.
Харин өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээтэй холбон авч үзвэл Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлсийг Эрүүгийн хуулиар бүрэн дүүрэн хамгаалж чадаагүй, даяарчлагдаж буй эрин үед олон улсын нийтийн эрх зүйн хөгжлөөс хоцрогдох хандлагатай байгаа аж. Тиймээс ял шийтгэл нь хэтэрхий “ихэдсэн”, шоронжсон нөхцөл байдал давамгайлсан гэж шүүмжлүүлдэг Эрүүгийн хуулийг бүрэн шинэчилж өөрчлөх, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх зорилгоор Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулан өргөн бариад байгаа юм.
Гэмт хэргийн тухай хуульд ял шийтгэлийн төрлийг нэмэгдүүлэх, зарим гэмт хэргийг шинээр хуульчилж, заримд нь оноох шийтгэлийг өөрчлөх зэрэг маш олон өөрчлөлт орж байгаа гэж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулгын үеэр хэлсэн. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дэмжсэн бөгөөд Гэмт хэргийн болон зөрчлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсний дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдааны үеэр С.Ганбаатар гишүүн хуулийн төсөлд 14 наснаас эхэлж ял эдэлнэ гэж заасан нь дэндүү харгис хэмээн шүүмжилсэн бол Л.Эрдэнэчимэг гишүүн гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн шийтгэхээр зохицуулж, шинээр өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуультай хэрхэн уялдаж байгааг тодруулав. Харин Х.Тэмүүжин сайд “Одоо үйлчилж байгаа хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн доод насыг 16, зарим ноцтой хэрэгт 14 нас гэж заасан байгаа. Гэхдээ ял шийтгэлийг нь тусгаарлаж өгөөгүй, насанд хүрэгчдийнхтэй адил байдлаар зохицуулсан байдаг юм. Харин шинэ хуульд насны доод хязгаарыг 14 гэж заасан ч оноох ялыг нь Өсвөр насны хүүхдэд ял шийтгэл оногдуулах гэж тусдаа бүлгээр зохицуулахаар тусгасан. Ингэхдээ шийтгэл нь нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах, сурган хүмүүжүүлэх орчин тусгаарлах буюу “Хаалттай сургалтын байгууллага”-д байлгах зэрэг байх юм” гэсэн.
Түүнчлэн гэмт хэргийн хохирол, ноцтой хор уршиг гэдэг ойлголтуудад багтаан гэмт хэргийн дөрвөн төрлийн хохирлыг тооцож гаргасан гэнэ. Тухайлбал, өмнө нь эд хөрөнгө залилсан гэдэг нь яах аргагүй үнэлэгдэж, хохирлыг тооцуулдаг байсан. Гэтэл сэтгэл санааны хохирлыг барагдуулах гэж байгаагүй. Тиймээс үүнд зориулан “хор уршиг” гэдэг заалт оруулж ирсэн. Ингэснээр иргэдийн сэтгэл санааны хохирлыг тооцох боломжтой болно. Мөн одоогийн Эрүүгийн хуульд зодох гэдэг заалт байхгүй. Гэхдээ “хүний биед ноцтой гэмтэл учруулсан, тарчлаах” гэсэн заалтууд байгаа. Гэтэл шүүх эмнэлгээр яваад “хөхөрсөн байна, гэмтэл байна, гэхдээ гэмтлийн хөнгөн зэрэгт ч хүрэхгүй байна” гээд хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал цөөнгүй гардаг. Тийм учраас энэ бүгдийг хүний биед хохирол учруулсан л бол гэмт хэрэг гэж үзэхээр заасан байна.
Төсөлд Хуульч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэсэн зүйл нэмэх саналыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гаргасан. Дээрх зүйлд, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор илт хууль бус шийдвэр гаргасан бол, өмгөөлөгч прокурор мөн дээрхтэй адил зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч долоон сая төгрөгөөс 36 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөө хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан аж. Энэ санал мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авсан юм.
Хуулийн төсөлд Сонгуулийн дүнд нөлөөлж гүтгэх гэсэн заалт нэмэх саналыг мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гаргасан. Энэ заалтад, Сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор сонгуульд нэр дэвшигч нам, хүний нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасны улмаас сонгуулийн дүн өөрчлөгдсөн, эрх бүхий байгууллагад шалгагдсан бол 600 мянган төгрөгөөс долоон сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл тодорхой эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд энэхүү гэмт хэргийг төрийн албан хаагч, сонгуулийн хорооны албан тушаалтан ажилтан үйлдсэн бол долоон сая төгрөгөөс 36 сая төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл эрх хасах, гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. УИХ-ын гишүүн З.Энхболд, гүтгэлгийн улмаас сонгуулийн дүн өөрчлөгдсөн гэдгийг тогтоох аргагүй учир энэ хэсгийг хасах, сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдийг иргэн хүн, төрийн албан хаагч гэж ялгах шаардлагагүй гэсэн санал гаргасан нь дээрх заалтад тусан олонхын дэмжлэг авсан юм.
Тэгвэл сэтгүүлчдэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байсан бол энэ удаа Зөрчлийн хууль руу энэ заалтыг шилжүүлж байгаа аж. Сэтгүүлчдийг мэргэжлийн, санамсаргүй алдаа гаргасных нь төлөө хулгай хийж, танхайрсан хүмүүсийн нэгэн адил гэмт хэрэгтэнд тооцож, их хэмжээний мөнгөөр торгодог. Улмаар шоронд хорьдог хуулийн заалт үйлчилж байсан. 20-иод жил ярьсан асуудлыг энэ удаагийн парламент үйл хэрэг болголоо гэж бодож байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчид мэргэжлийн алдаа гаргасныхаа төлөө шоронд хоригддог энэ заалт өнөөдрөөс үгүй болж байна гэж ойлгож болох нь. Гэхдээ торгуулийн заалт үлдсэн байна. Зөрчлийн хуулиар хэрвээ та хүний нэр хүндийг гутаасан болон илтэд худал мэдээлэл тарааж, гүтгэсэн бол хувь хүнийг хоёр сая, хуулийн этгээд буюу хэвлэл мэдээллээр жишээ авбал редакцийг 20 сая төгрөгөөр торгохоор заалт орсон байна. Гэхдээ энэ заалт зөвхөн сэтгүүлчдэд хамаарахгүй бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээс гадна жирийн иргэдэд ч хамаатай заалт юм байна. Ямартай ч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад дээрх нэмэлт, өөрчлөлтүүд багатаж байгаа аж.

Г.НАРАН