Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинтэй янаг амрагийн асуудлаар нэр холбогдож, өдгөө хар тамхины хэргээр ял эдэлж буй Г.Сарангэрэл Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хариуцагчаар татаж, түүнээс нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн гэнэ. Одоогоор нэхэмжлэлийн хувийг О.Баасанхүүд гардуулаагүй байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах үндэслэл нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Г.Сарангэрэлийн хэргийг шүүхийн шатанд шилжиж шийдээгүй, мөрдөн байцаалтын явцад “Хар тамхичин, биеэ үнэлэгч” хэмээн олон нийтэд зарласан гэнэ.
Мөн түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь очиж уулзан дарамталсан тухай өмгөөлөгч нь мэдээлж байгаа аж.
Өмгөөлөгч Г.Батбаяр: “Г.Сарангэрэл одоо 20 настай. Идэвхтэй амьдралын 40 жил хүлээж байна. Гэтэл О.Баасанхүү түүнийг хар тамхичин, биеэ үнэлэгч хэмээн нийгэмд эзлэх байр суурьгүй болгож, улс төрд орох зэргээр карьер хөөх боломжгүй болголоо” гэж ярьжээ.
Ийнхүү ирээдүйд улс төрч болох Г.Сарангэрэлийн замыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэгч бул хар чулуу хаачихжээ.