07.01

АСЕМ-ын уулзалтад зориулсан 44 зочид буудлыг бэлэн болгожээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ын байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан Европын Холбооны Гадаадxарилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ирэх оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтын 4000 гаруй зочид, төлөөлөгчид зориулсан хурлын байр, зочид буудлын бэлтгэл ажлын талаар санал солилцов. АСЕМ-ын зочдод зориулан тогтоосон хязгаар бүсийн хүрээнд, заасан аюулгүй байдлыг хангасан 44 зочид буудлыг бэлтгэсэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцуулсан. АСЕМ-ын хүрээнд нэгдсэн веб хуудас нээж, түүнд байршуулсан зочид буудлаас төлөөлөгчид сонголтоо хийх боломжтой юм байна. Бэлэн зочид буудлуудаас гадна энэ онд багтаан ашиглалтад оруулах “Holiday Inn”, “Sheraton”, “Shangri La”-гийн салбар зочид буудлууд, Их тэнгэрт барьж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зэрэг өндөр төвшний зочдын байрлах эко буудлуудын талаар тэд ярилцсан юм. Зочид буудлуудын байршил, тохижилт, аюулгүй байдал, зочдын тав тухыг хангах байдал, хурлын танхим, уулзалтын өрөө, орчуулгын систем, Ерөнхийлөгчийн өрөөнүүдийн хамгаалалтын систем, хэвлэл, мэдээллийн сурталчилгаа зэрэг сэдвийг энэ үеэр мөн хөндөн ярилцлаа. Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан зочид, төлөөлөгчдийг хүлээн авах буудлын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаа бөгөөд тусгайлсан мэргэжлийн хүн ирүүлэн бэлтгэл ажил хангуулах ажилд оролцуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ын байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан санал дэвшүүллээ.

М.ӨЛЗИЙ