Барилгын салбарт 2014 онд 21 осол гарч, 25 хүн өртсөнөөс 20 хүн нас барж, таван хүн гэмтжээ. Харин 2015 оны эхний хагас жилийн байдлаар 11 осол гарч 14 хүн өртсөнөөс найман хүн нас барж, зургаан хүн гэмтсэн байна. Барилгын салбарт гарч байгаа ослын 70 орчим хувийг өндрөөс унах шалтгаан эзэлж байгаа бөгөөд нас барах гол шалтгаан болжээ.
Энэ тухай уржигдар болсон Нийслэлийн Засаг даргын өргөтгөсөн хуралдааны үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Барилгын ослоос шалтгаалан хүний амь нас хохироосон аж ахуйн нэгж, байгууллагуудад арга хэмжээ авсан тухай” асуудлыг танилцуулахдаа хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хууль, журам зөрчиж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдсан аж ахуйн нэгжүүдэд акт тогтоон 18 албан шаардлага хүргүүлжээ.
Харин цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгох саналтай прокурорын хяналтад шилжсэн 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Энэ он гарсаар осол аваар гарах магадлалтай есөн газрын үйл ажиллагааг зогсоожээ.