07.02

Дараагийн тэмцлийн шатанд “үсээ хусуулсан толгой” л үлдлээ

Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт нэгэн насны амь, амьдралаа зориулсанМаршалХ.Чойбалсан “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэж, эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” хэмээн хэлсэн байдаг. Харин өнөөдөр энэ бүхэн үгүй болж, төр эзэнгүйдэж, улс орон үгүйрэн хоосорч буйд харамсаж, төр барьж буй эрхэмүүдэд эсэргүүцэлээ илэрхийлж, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан Чингисийн талбайд үсээ хусууллаа. Монголчуудын хувьд үс, эр хүний тэргүүн гэдэг хамгийн үнэт зүйл байдаг. Өөрөөр хэлбэл эр хүний сүлд хийморь, амь, амьдрал, хамаг бүхний цогц илэрхийлэл бол толгой буюу тэргүүн. Тэрээр үсээ хусуулах үеэрээ “Би хар толгойдоо биш эх орондоо хайртай учраас үсээ хусуулахаар боллоо” хэмээн мэдэгдэв. Түүний үйл хэргийг дэмжиж, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Шаравжамц болон эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэлд үйл хэрэг нэгтэй хүмүүс үсээ хусуулсан юм. Мөн Хохирогчдын холбоо, Гал үндэстэн холбоо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулаа аваръя хөдөлгөөний төлөөлж 20 гаруй иргэд ирж дэмжсэнээс гадна хамтдаа тэмцэхээ илэрхийлж үсээ хусуулав. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан “Бид энэ төр засгийг дорвитой шийдвэр гаргаж, эх орон, газар нутгийнхаа төлөө явахыг хүлээж суусаар залхлаа. Хэн нэг нь дуугарч, хэлнэ биз гэж хойш суух биш иргэн бүр энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй. Эх орон, газар шорооныхоо төлөө бид тэмцэж эсэргүүцлээ илэрхийлэхгүй бол Төрийн ордонд суусан 76 ямаа хийхгүй” гэсэн юм. Энэ үеэр тус талбайд цугласан зарим нэгэн иргэд нулимс унагаж байв. Энэ нь монгол ёс заншилаар бол үсээ хусуулах нь цаазлуулах ялаас ч илүү сэтгэл зүйн хувьд хүнд шийтгэл байдаг гэж үздэгээс үүдэлтэй юм. Мөн тэрбээр “2012 онд Монгол Улсын эдийн засаг огцом өсөлттэй гарч дэлхийг гайхуулж байсан бол гурван жилийн дараа буюу 2015 онд гүнзгий хямралд орлоо. Тиймээс шудрага бус төрийг буулгая. Ард олон, залуучуудаа дэмждэггүй, тэдний үзэл санааг сонсохгүй төр бидэнд хэрэггүй” гэсэн юм. Харин түүний үйл хэргийг дэмжиж үсээ хусуулсан Ц.Шаравжамцын тэргүүнд аав нь гар хүрлээ. Ц.Шаравжамц “Миний хувьд дуучин С.Жавхлангийн үйл хэргийг дэмжсээр ирсэн. Энэ удаад өнөөдрийнх нь үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцож байна. Аав минь хүүгээ зөв зүйл хийж байгаад итгэж, өөрийн биеэр оролцож байгаа нь энэ. Бид одоо л эсэргүүцлээ илэрхийлж төр засгийнханд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй” гэв. Одоогоос долоон жилийн өмнө энэ өдөр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй иргэдийн тэмцлийг зогсоох үеэр дөрвөн иргэний амь нас үрэгдсэн юм. Ийнхүү эмгэнэлт өдрийг тохиолдуулан эсэргүүцлээ илэрхийлсэн нь төр засаг иргэдийн хэлхээ холбоо алдагдаж, төр улс ард иргэдээсээ нүүр бууруулж, улс орноо гадаадын хөрөнгөтнүүдэд найр тавин өгч, тусгаар тогтнол алдагдаж буйг сануулж байгаа аж. Өнөөдөр иргэд нь үсээ хусч, эсэргүүцэл илэрхийлж байгаа нь “аргаа барсан” үйлдэл юм. Үүнээс өөр хүнд, хэцүү тэмцэл гэж байхгүй. Дараагийн тэмцлийн шатанд “үсээ хусуулсан толгой” л үлдэж байна. Уг нь монгол түмний заяа өөдөө л гэдэг сэн хэмээн тус арга хэмжээнд ирсэн хүмүүс өгүүлж байлаа.