07.04

Анхны дагуул хотын Захирагч тангараг өргөнө

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн дагуул хот байгуулах  шийдвэр гаргасан билээ.

Уг шийдвэрийн дагуу УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулж дахин санал хураалтаар нэр дэвшигч Шаравхааны Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авч, Налайх хотын Захирагчаар сонгогдсон.

Тэгвэл Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн  шийдвэрлэж, нийслэлийн Засаг дарга  захирамж гаргасан байна.

Тиймээс Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг ирэх даваа гарагт буюу долдугаар сарын 06-ны өдөр 12:00 цагаас Налайх дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулахаар болжээ.

Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Налайх дүүргийн удирдлага, Налайх хотын оршин суугчид оролцох юм байна.