07.04

МАН-ын зургаан сайдын суудлыг АН авах уу

АН МАН-тай Засгийн газарт хамтран ажиллах шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргаж, тэд "нэг хөнжил"-д орсон билээ. Ингэхдээ эдийн засгийн хямралын эсрэг эвсэл байгуулан тэмцэнэ хэмээн тунхаглаж, хамтран ажиллах гэрээг үзэглэсэн.

Тэгвэл "нэг хөнжил"-д орсон МАН, АН-ын эвслийн Засгийн газар өчигдөр албан ёсоор тарж байгаа гэх мэдээлэл гарсан. Учир нь Засгийн газарт хамтарч ажиллах гэрээгээ дагаж мөрдөөгүй хэмээн удаа дараа МАН-ын эсрэг мэдэгдэл гаргаж байсан АН өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа шийдвэрээ эцэслэн гаргаснаа мэдэгдсэн.

Ингэснээр МАН-ын зургаан сайд танхимаас гарах уу, эсвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу гэдэг асуудал сөхөгдөх нь тодорхой болов. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газраас МАН-ын сайдуудыг буулгаж, наадмаас наана МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж асуудлыг нэг тийш шийдэхээр болжээ.

Тэгвэл МАН-ын сайд нарын оронд хэнийг томилох вэ гэдэг улс төрийн хөшигний ард хаалттай яригдаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрийг АН-ын дарга З.Энхболд бүлгийн хурал дээрээ танилцуулсан гэнэ.

Одоогоор Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд гишүүн Ц.Шаравдорж, Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Болдбаатар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг ИЗНН-ын дарга Ганхуяг нарт өгөх тухай “бор шувуу” нисч эхэлжээ. Ямартай ч наадмаас өмнө энэ асуудал шийдэгдэх биз ээ.