07.06

Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Бурхан Халдуныг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх талаар яригдаад багагүй хугацаа өнгөрсөн.  Тэгвэл ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Тус хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг гаргалаа. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган манай улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг хэлэлцэхтэй холбогдуулан чуулганаас Хорооны 21 гишүүн оронд урьдчилан тараасан шийдвэрийн төслөөр уг номинацийг эргүүлэн буцаахаар тусгагдсан байсан. Харин ГХЯ, ОТХАГ, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар болон чуулганд оролцсон Засгийн газрын төлөөлөгчдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлтын үр дүнд шийдвэрийн төслийг өөрчлөн улмаар бүртгэх нь зүйтэй гэсэн нааштай шийдвэрийг гаргуулж чадсан байна.

Г.НАРАН