Энэ жилийн наадмаар хуушуурыг гялгар уутнаас халж, цаасан уутанд хийж худалдаалахаар болжээ. Сарын 11, 12-нд “Монгол хуушуур-2015” фестиваль Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагийн худалдаа, үйлчилгээний талбайд болох юм.
Наадмын гол хүнс болох хуушуурыг худалдаачид гялгар уутанд хийж өгдөг бөгөөд энэ нь хуушуурын халуун, нарны илчинд урвалд орж, хүний үед хортой зүйлсийг ялгаруулдаг байна.
Тиймээс МХЕГ-аас “Монгол хуушуур-2015” фестивальд оролцохоор зөвшөөрөл авсан хоол үйлдвэрлэлийн газруудыг хуушуураа цаасан уутанд хийж борлуулах үүрэг өгчээ.
Үүний дагуу хараагүй иргэдийн хөдөлмөрийг дэмжин тэдний үйлдвэрлэсэн цаасан уутанд хийж худалдаалахаар болсон байна. Мөн энэ жил хуушуур худалдаалах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд газ ашиглах зөвшөөрөл олгожээ.