Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлсэн. Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг учраас асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэрийг наадмын комисс гаргасан юм. Үнийн хувьд, саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Тэгвэл бодит байдал дээр өмнөх жилүүдийн адил наадмын тасалбар авах гэсэн иргэд Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний гадна дугаарласан хэвээр байгаа юм. Ийнхүү хоёрхон цэгт тасалбар борлуулж байгаагаас иргэд үүрээр ирж, өдөржин дугаарлаж байж тасалбар авч байгаа аж. Олон нийтийн сүлжээн дэх мэдээллээр наадмын нээлтийн тасалбар 120 мянга хүрч байгаа гэнэ. Тиймдээ ч тасалбар авахаар дугаарласан иргэд бухимдалтай байгаа бөгөөд онлайнаар худалдах юм уу, олон цэгт зарсан бол ийм асуудал үүсэхгүй гэдгийг хэлж байна.
Н.АЗ