07.07

“Өвсний үндэс”-ийн боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх төсөл 300 давлаа

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Дархан-Уул аймгийн Шарынгол сумын 14-р цэцэрлэгийн их засварын төсөл”, “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р сургуулийн засварын төсөл” болон “Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Гүн-Галуутай” цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн өнөөдөр 3 төсөлд гарын үсэг зурснаар “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх нийт төслийн тоо 300 давсан нь тэмдэглүүштэй юм.
    
Дээрхи 3 төсөлд нийт 232,938 ам.доллар буюу ойролцоогоор 454,229,100 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр 3 төсөл хэрэгжсэнээр 2015 оны Японы санхүүгийн жил(2015.04.01-2016.03.31)-д “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 11 болж байгаа бөгөөд нийт 865,684 ам.доллар буюу ойролцоогоор 1,662,773,960 төгрөг болох юм.
    Япон улсын Засгийн Газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол улсад тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллахын зэрэгцээ тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

(*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.