Өнөөдрийн технологид хэт автсан нийгэмд өдөр бүр 500 сая жиргээ хийгдэж, 1.28 тэрбум хүн тогтмол Facebook-ээс зүүгдэж байгаа гэсэн тоо бий.
Технологийн эксперт, доктор, “The Distraction of Addiction” номын зохиогч Алекс Сүжүнг-Ким Панг хэрвээ дараах таван шинж тэмдгээс илэрч байвал нийгмийн сүлжээнээс түр завсарлага авах хэрэгтэй гэж зөвлөж байна.
Ямар нэг зүйлийг хийхдээ зөвхөн пост хийж олон шэйр хийгдэхийн тулд хийгээд байна уу?
Ямар нэг гар урлал, хоол хийхдээ ч үргэлж зурган дээр гоё харагдах, олон хүний анхаарлыг татах талаас нь анхаардаг болсон бол нэг шинж тэмдэг нь. Таны амьдрал хэт нийгмийн сүлжээнд зориулагдсан мэт болоод байгаа бол завсарлах цаг нь болжээ. Ингэх нь өөрийнхөөрөө байх боломжгүй болгож сэтгэцийн өөрчлөлтөд хүргэх аюултай.
Хийж буй үйлдэл болгоноо мэдээлдэг болсон уу?
Бидний найзууд дотор өдөр тутмын амьдралынхаа алхам болгоныг жижиг гэлтгүй нийтэлдэг хүмүүс бий. Ингэх нь таны амьдрал нийгмийн сүлжээний мэдэлд оржээ гэсэн үг. Хоногт хорин дөрөвхөн цаг бий, энэ богино хугацааны хэзээ нь бид хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө нээх боломжийг гаргах вэ?
Найз нарынхаа амьдралд хэт анхаарал тавиад байна уу?
Бараг нүүр тулан уулзаж ч үзээгүй хүний амьдралын ширхэг бүрийг сониучирхан ажиглаж, ихэнх цагийг тэдний статусыг уншихад зарцуулах нь бас нэг шинж тэмдэг. Үүнд хэт автвал өөрийн хувийн амьдралаа мартаж, зорилгогүй болох аюултай.
Найз нарынхаа амжилттай, аз жаргалтай амьдралд өөрийнх чинь хүрэхгүй байгаа мэт сэтгэгдэл төрж байна уу?
Найз нар тань үргэлж тохиолдсон сайн сайхан зүйлсээ нийтэд хүргэхийг гол зорилгоо болгоно. Харин ингэснээр танд бүгд өөрөөс чинь илүү сайн сайхан амьдраад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, атаархлыг бадраадаг. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд энэ нь өөрийнхөө талаар сөрөг төсөөлөлтэй болгож, өдөр бүр сэтгэлийн дарамттай байх нөхцөл бүрдүүлнэ.
Эцэстээ найз нөхдийн харилцаанд сэв суулгах ч аюултай.
Утаснаасаа салж чадахгүй болоод байна уу?
Хором мөч бүрт утаснаасаа зүүгдэн, ямар нэг юмнаас хоцорчих вий гэсэн айдастай болоод байна уу? Утаснаасаа хэдхэн хором хол байж чадахгүй болсон бол энэ нь бас нэг шинж тэмдэг.
Утастайгаа зууралдаж байх хооронд хэчнээн боломж, хувийн амьдралын чинь сайхан үйл явдлууд хажуугаар чинь өнгөрч байгааг ойлгох хэрэгтэй.
Хэрхэн зохицуулж сурах вэ?
Өдөрт тодорхой нэг цагийг нийгмийн сүлжээнд зориулж гарга. Яг л хүн өдөр бүр тодорхой цагт дасгал хийж, хоол иддэг шиг. Яагаад өдөр бүр нэг цагт оройн хоолоо иддэг шиг өдөрт яг нэг цагт зөвхөн нэг цагийн хугацааг нийгмийн сүлжээнд зарцуулж болохгүй гэж?
Амьдралын жижиг сажиг бүх зүйлсийг нийтлэхийн оронд тухайн өдөр болсон нэг онцлог үйл явлдынхаа тухай бусадтай хуваалцахад л хангалттай.
Мөн нэг туршилтыг заавал хийж үз. Долоо хоногийн турш нийгмийн сүлжээг огт хэрэглэхгүй бай. Утаснаасаа Facebook, Twitter аппликэшнуудыг зүгээр л устгачих.
Үүний дараа амьдрал чинь илүү сайхан болсон үгүйг нэг дүгнээд үзээрэй.