Төрийн сүлд өршөө гэж өвгөд залбирна. Төрийн сүлд, далбаан зурагтай сонин сэтгүүлийг бурхныхаа өмнө өөд нь залж сүжиглэнэ. Төр гэдэг сүр сүлдтэй, хийморь лундаатай бөгөөд түүнд сүсэглэх аваас буян хишиг нь түмэн олонд ээлээ өгдөг хэмээн сүсэглэсэн өвгөдийн ёс өдгөө үгүй болжээ. Соёмбо уг нь үсэг бөгөөд буруу харуулах, дүрслэх зэрэг нь ихэд хорио цээртэй, алив бүхэнд дүрслээд байдаггүй л гэдэг.
Гэтэл наадам дөхөнгүүт л хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, соёмбо тэмдэг нь буруу, уруу харсан, хямдхан даавуун дээр үйлдвэрлэсэн төрийндалбааг энд тэндгүй, хаа сайгүй зарж эхэлдэг. Түүнд хяналт тавьдаг, хорьдог цагддаг ч газар байхгүй. Тамхи ширхэглэн зарж, хоногийн хоолтойгоо залгадаг ядарсан эмгэнийг хөөж туудаг цагдаа нар ч энэ бүхэнтэй тэмцэхгүй. Гудамжинд элдэв юм зарахад хэн, ямар байгууллага хяналт тавьдгийг бүгд мэдэхгүй юм шиг нүдэн балай, чихэн дүлий царайлна. Уг нь тамхи зардаг ядарсан эмгэнтэй бус төрийн далбааг хууль бусаар хийж, буруу, зөв дүрслэн зарж байгаа хүмүүст л хяналт тавьж, зарж болно гэж үзвэл түүнд нь тохирсон стандарт, дүрэм хэмжээ тавьж өгөх хэрэгтэй байна. Төрийн далбаа, төрт ёсоо хүндлэн дээдлэх ёстой гэж үзвэл шүү дээ. Харин ширхгийн тамхи, төрийн далбаа хоёрын үнэ цэнэ адилхан гэж үзвэл нэг дор зарж ч болно, урж ч болно, бүр шалны ч алчуур хийж болно.
Наадам өнгөрөнгүүт энд тэнд хогийн цэг, гудамж талбайд урагдаж салбайсан, энд тэндээсээ сэмэрсэн төрийн далбаанууд хог болон хэвтэнэ. Түүн дээгүүр хүүхэд, хөгшингүй гишгэлээд л өнгөрнө. Төрөө дээдэлдэг, хүндэлдэг гэх ч төрийн далбаагаа хог, новш болгодог үндэстэн биднээс өөр байдаг болов уу.
Цэргийн нэрт жанжин Хатанбаатар Магсаржав “Монгол цэргийн сүлд тугандаа байдаг” гэж хэлсэн гэдэг. Харин төрийн, эр цэргийн, монгол түмний сүр сүлд болсон туг минь буруу харсан соёмботой зарж, дараа нь хог новш болж байгааг анзаарах ч хүн алга, анхаардаг ч төр алга. Ёстой л төрийн минь сүлд өршөөг.
Д.Лхагва-Очир