Хоёр жилийн өмнө бусдыг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэх зүйл ангиар Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулга нарын таван иргэнийг шүүхэд дуудсан. Тодруулбал, сэтгүүлч С.Баттулга “Ноёд” групын ерөнхийлөгч гэх Г.Буяндоржийн өгсөн мэдээлэлд үндэслэн сайтдаа нийтлэл бичсэн бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан компанийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн шалтгаанаар шүүхэд өгсөн байдаг. Анхан шатны шүүх хурлаар Г.Буяндоржид 2.3 жилийн ял, сэтгүүлч С.Баттулгад 21 сая төгрөгийн торгууль ногдуулсан бөгөөд шүүгдэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сард болох байсан ч 4-5 удаа хойшилсоор өнөөдөр болсон юм. Харин өнөөдрийн шүүх хурлаар шүүгдэгч сэтгүүлч С.Баттулгыг, эх сурвалж Г.Баяндоржийн хамт цагдан хорих шийдвэр гаргасан. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөнд халдаж буй, эх сурвалжтай нийтлэлийн хариуцлагыг сэтгүүлч хүлээдэг хуулийн цоорхойн талаар өнөөдөр МСНЭ, “Глоб интернэйшнл” ТББ, өмгөөлөгч С.Батбаяр нар хэвлэлийн бага хурал хийлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр, "Өнөөдрийн хурлаар шүүгдэгчдийн өмгөөлөгчид үг хэлэх ямар ч боломж олдоогүй. Учир нь хохирогч гэх талын өмгөөлөгчид “С.Баттулга сэтгүүлчийг цагдан хорь” гэсэн хүсэлт гаргасны дагуу шууд хорьчихлоо. Шүүх бүрэлдэхүүнд хорих эрх бий. Гэхдээ үндэслэл нь тодорхой байх ёстой. Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорихгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө бурууг баталж, цагдаад гомдол гаргаад байна гэсэн хохирогч талын өмгөөлөгчийн үгээр хорьчихож болохгүй шүү дээ. Хохирогчийн өмгөөлөгчид “Сэтгүүлчдэд өргөдөл өгөөд гүтгэх зүйл ангиар шалгуулчихвал магтаж бичээд эхэлдэг юм” гэж хэлсэн. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх, эх сурвалжтай байх эрх хаа байна" гэв. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, "С.Баттулга бол МСНЭ-ийн гишүүн сэтгүүлч. Тиймээс сэтгүүлчийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавих нь гарцаагүй асуудал. Энэ хэрэг ганц сэтгүүлчид хамаарах асуудал биш. Нийгмийн, олон нийтийн мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрхэд халдаж буй асуудал" гэлээ. “Глоб интернэйшнл” ТББ-ын хуульч Б.Бүрнээ, "Эх сурвалжийг дурдсан тохиолдолд сэтгүүлч хариуцлага хүлээхгүй, эх сурвалж нь хариуцлагаа үүрэх хуулийн зохицуулалт алга. Энэ асуудалд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн нэг дуу хоолойтой байгаасай гэж хүсэж байна" гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд хойшилсон хурал бүрийн шалтгааныг сэтгүүлч С.Баттулгатай холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөл асуудал. Шүүхэд хяналт тавих албан байгууллага, албан тушаалтнууд хаана байна вэ.