07.10

Монгол наадмын гайхамшиг

Өдийд “зургаан насны морьд хазаар дэрлэн зүүрмэглэж”, ид ир нь ханачихсан, эрдэмт уяачид нь ганц шөнийн хоолыг хэрхэн тохируулж хонох тухай л бясалгаж суугаа. “Урт уяанаас илүүтэй урьд шөнийн хоол” хэмээсэн нь дэмий үг биш гэдгийг би ч гадарлах бөлгөө. Айраг, түрүүний адууны өнгө ч цаанаа өөр л байгаа даа. Эрдэмт уяачдын хувьд ямар морио хэрхэн түрүүлгэж айрагдуулах тухай л бодож суугаа. Гэтэл гурван зуун адуу мордоход нэг нь л түрүүлнэ шүү дээ. Гэсэн хэдий ч хэн ч тоосонд үлдэнэ гэж бодохгүй бүгд л түрүүлж айрагдах тухай бодож байдагт л монгол наадмын гайхамшиг оршиж байна.  

   Яг энэ цаг дор эрхий мэргэн харваачид цэц юугаа уралдуулж байна. Хрхэн яаж түрүүлэх цолоо ахиулах тухай бодож суухад залуу харваачид хэрхэн яаж цолонд хүрэх тухай бодож байгаа нь Монгол наадмын бас нэгэн гайхамшиг. Бяртай иртэй бөхчүүдийн бэлтгэл нь ханачихсан, хэдийн даваанд хэнтэй хэрхэн яаж барилдах тухай бодож байгаа. Хэнийг хэдийн даваанд амлах тухай аварга арслан заанууд бодож суухад залуу идэр бөхчүүд хэнд амлуулаад яаж давах тухай бодож суугаа. Эртэй эрсийн хэн нь ч унах тухай огт бодохгүй байгаа. Хэрхэн яаж давах тухай л бодож суугаа гэхээр Монгол наадмын гайхамшиг нь үүндээ байх шиг. Түүнээс биш 512 бөх барилдаж нэг нь түрүүлж нэг нь үзүүрлэнэ. Сайндаа нэг заан төрж зургаан начин цолтон төрнө биз дээ. Гэтэл бүгд л түрүүлж үзүүрлэх их шөвөгт үлдэх тухай л бодож бэлтгэл сургуулилтаа базаадаг нь үнэхээр л Монгол наадмын гайхамшиг гэхээс өөр аргагүй.

      Нөгөө талаар наадмын талбай, уяан гичир, сурын талбай, бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр амраг сэтгэлийн салхи үе үехэн сэвэлзэж, энэ талбараас амьдралынхаа ханийг хөтлөөд явсан түүх олон бий. Тиймдээ ч Хөдөлмөрийн баатар, нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж

“Суусрын гүйдэлт салхи шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү” хэмээн дуун алдсан биз ээ.

А.Гал