07.10

Баярын үеэр хууль бөөнддөг жишгийг давтав

Цагаан сар, улсын наадам гэх мэт үндэсний хэмжээний томоохон баярын үеэр хууль “бөөнддөг” бичигдээгүй хууль УИХ­д тогтсон гэхэд болно. Энэ жишиг 2015 оны цагаан сараар давтсан шигээ улсын баяр наадмаар ч мөн ёсоор болгов. Тодруулбал, өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд бараг бүгдийг нь нугалж амжсан юм. Энэ нь хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр товлосон бүх асуудлаа шийдвэрлэсэн анхны тохиолдол болж байна. Гэхдээ чуулганы хуралдаан цагтаа эхэлддэггүй жишиг энэ удаад ч давтлаа. Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдааныг 09.00 цагт эхлүүлэхээр товлосон ч гишүүдийн ирц хангалтгүй байснаас 50 минутын дараа эхлүүлсэн юм. Ингээд эхний ээлжид үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төс лүүдийг хэлэлцэн баталлаа.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ӨНӨӨДРӨӨС МӨРДӨНӨ

Уг хуулийн хэлэлцүүлгийн шатанд гишүүн Р.Гончигдорж “НӨАТ­ын хуулийн шинэчилсэн хуулийн төслийг бид удахгүй батална. Тиймээс холбогдох хуулийн төслүүдээс НӨАТ­тай холбоотой заалтыг нь хасаад дараа нь нэгдсэн журмаар өөрчилье” гэсэн санал гаргасан. Харин Д.Эрдэнэбат сайд “НӨАТ­ын хууль он гартал хүчин төгөлдөр үйлчилнэ. Тиймээс оруулах нь зүйтэй” гэсэн тайлбар өгсөн юм. Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох хуулийн төслүүдийг баталсан өдрөөс нь хойш мөрдөхөөр төсөлд оруулж ирсэн. Энэ талаар санал хураахад 50 гишүүн санал өгснөөс 39 нь дэмжсэнээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Ингэснээр эдгээр хуулийг өнөөдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм. Технологи дамжуулах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Импортын болон гаалийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн баталлаа. Ингэснээр хэрэв дотооддоо үйлдвэрлэж буй барааг импортоор оруулж ирвэл 20 хувийн татвар ногдуулах бол импортоор оруулж ирдэг, дотооддоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэвэл татвараас чөлөөлөхөөр болж байна.

НӨАТ-ын босгыг 10-50 сая болголоо

Чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төсөл байлаа. Энэ хуулийг баталснаар НӨАТ-ын босгыг10 саяас50 сая болголоо. Уг хуулийг баталсантай холбогдуулан Р.Амаржаргал гишүүн тайлбар мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль аж. 2014 оны тавдугаар сард энэхүү хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Татварын багц хуулийн төслөөс хамгийн түрүүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын/НӨАТ/ тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлэн батлан гаргаж байгаа нь хоёр учир шалтгаантай аж. Энэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих учир үлдэж байгаа хугацаанд техникийн чанартай бэлтгэл ажил, холбогдох бусад баримт бичиг, заавруудаа гаргах бололцоог нь гаргаж өгөх үүднээс татварын багц хуулиуд дотроос хамгийн түрүүнд хэлэлцэн баталжээ. Р.Амаржаргал гишүүн хэлэхдээ“Мөнгөний урсгалыг хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой. Мөн үүнийг дагаад бүртгэлийн тогтолцоо эрс сайжрах учиртай. Эдийн засаг бүртгэл дээр тулгуурладаг. Иймээс энэ системийг сайжруулж байж үр ашгийн тухай ойлголтууд гарч ирнэ. Өртөг бүтээх, баялаг бүтээх процесс гинжин урвалаар явж байгаа. Энэ процессын явцад аль шатанд, ямар хэмжээний өртөг шинээр бий болж байна гэдэг тогтолцоо хяналтад орох, үүнийг урамшуулах зохицуулалт бүрдэж байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татварын процесст хянагчаар оролцох бололцоо бий болж байна. Энэ утгаар нэг хэсэг нь татвараас зугтаадаг байсан бол одоо иргэн бүр өөрсдөдөө хяналт тавих боломжтой болж байна” хэмээсэн.

Халх голд чөлөөт бүс байгуулна

Өчигдрийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр“Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн олонхи нь уг төслийг дэмжсэнээр баталлаа. Харин үүний дараагаар чуулганыг хаалттай горимд шилжүүлэв. Учир нь, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр танилцуулсан. Энэхүү хуулийн төсөл нь төрийн нууцад хамаарах асуудал учраас нарийвчлан хэлэлцэхийн тулд чуулганыг хаалттайгаар горимд шилжүүлсэн юм. Үүний дараагаар чуулганыг нээлттэй горимд шилжүүлж, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх“Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Боловсролыг шинэчлэх зээл авна

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх“Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Төслийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан бол төслийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Батхүү танилцуулсан юм. Энэхүү хуулийн төслөөр боловсролын салбарт зориулан авч байгаа зээлийг юунд авч байгааг лавлаж, зээлийн босго давчихсан байхад зээл авч байгааг шүүмжлэх гишүүн цөөнгүй байлаа. Түүнчлэн өрийн босго тулчихсан байгаа үед эргээд ашиг олох зүйлд зарцуулж болохгүй юм уу гэдгийг ч хөндөв. Энэ асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Бага ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн. Үүний араас хийх ажил нь сурах бичгийн чанар, багш нарын чадавхийг дээшлүүлэх шаардлагатай байна. Ингэхэд зарцуулж буй мөнгө маш бага байна. Тиймээс гурван жилийн өмнө асуудлаа базсан. Энэ мөнгийг дөрвөн зүйлд зарцуулна. Хамгийн түрүүнд бага ангийн хүүхдийн сурах бичгийн хүртээмжийг сайжруулна. Уялдаа холбоог хөгжүүлэхэд нөгөө хэсгийг нь, дараагийн ээлжинд багш бэлтгэх, стандарт шаардлагыг дэлхийн төвшинд авчрахад хөрөнгө хэрэгтэй. Үүний дараа хэрэглэгдэхүүнд зарцуулна. Багш нар хувийн мөнгөөрөө хичээлийн хэрэглэлээ авч байна. Дараа нь системийн шинэчлэлд зарцуулна. Эдийн засаг хүнд байгаа үед боловсролоо сайжруулж, өрсөлдөх чадвартай болоход л гол анхаарлаа хандуулдаг. Тийм хүмүүсээ бэлдэх нь маргаашийн эдийн засгийн өсөлтийг сайжруулдаг. Хамгийн үр ашигтай учраас үүнийг дэмжиж өгөөчээ гэж хүсч байна” гэсэн. Харин гишүүн Ч.Хүрэлбаатар “Дарга нарыг дэмжих ямар шаардлагатай байгаа юм. 2.2-т байна шүү дээ. Дотоод нөөц заалтаа ашиглаж болдоггүй юм уу” гэсэн бол сайд Л.Гантөмөр“Сургуулийн үйл ажиллагаа захирлаас шууд хамаарч байна. Тиймээс сайн менежменттэй болгохын тулд энийг хийх хэрэгтэй” гэж тайлбарлав. Харин гишүүн Ц.Нямдорж“Энэ зээлийг авснаар өрийн тааз хэдэд хүрэх вэ” хэмээн асуухад, “30 сая ам.долларын хувьд шууд энэ жилийн өрөнд нэмэгдэхгүй. Хөгжлийн зээлийн үйлчилгээний зардал нийт зээлийн 10 хувьд хүрдэг. Энэ зээлийн хувьд тухайн жилийн ашиглалтаараа явна. Таван жил хэрэгжүүлнэ. Тэгэхээр нэг жилд ойролцоогоор зургаан сая ам.доллар гэсэн үг. Энэ жилийн хувьд оройтож баталж байгаа учраас харьцангуй бага мөнгө зарцуулна” гэх хариултыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат өгөв. Энэ мэт хэлэлцүүлэг өрнөсний дараагаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн санал хураахад56 гишүүн оролцсоноос42 гишүүн дэмжсэнээр баталлаа.

М.Өнөржаргал