Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан насны хурдан морьд барианд орж, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын загал үрээ түрүү магнай болсон билээ.
Аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар анх удаа улсын баяр наадамд ийн түрүү авч байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан.
Тэгвэл түрүү магнай болж, торгон жолоо өргүүлсэн хурдан ажнайг эрлийз гэх маргаан гарч эхэлжээ. Учир нь айргийн зургаад хурдалсан хүлгийн эзэн хэмжилт хийлгэхийг шаардаж, эрлийз морьдыг тусад нь уралдуулж монгол наадамд монгол морь уралдах ёстой хэмээн баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс үзсэн ч, бодит байдал дээр биеллээ олоогүй байна хэмээн шүүмжилжээ.
Улмаар Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатарын халиун үрээнд хэмжилт хийлгэх хэрэгтэй гэх саналыг гаргасан байна. Харин морины комисс гарсан маргааныг шийдвэрлэж чадахгүй байгаа сурагтай.