Үндэсний их баяр наадмын үеэр зам тээврийн осол, гол усанд живэх зэргээр хүний амь эрсэдсэн олон хэрэг гарсан. Тэгвэл баяр наадмын үеэр гурван хүний амийг хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ.
Төв аймгийн Зуунмод хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой гарсан бөгөөд эх сарвалжийн мэдээлж буйгаар 11 настай охиныг өвөө, эмээгийнх нь хамт буудаж амийг нь хөнөөсөн гэнэ.
Гэмт этгээд хэргийн газраас зугтааж, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт айлд байхад нь цагдаагийнхан шуурхай илрүүлж баривчилсан байна. Онц ноцтой хэрэг гарсан дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэс, УМБГ-ын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид ажиллаж хэргийг нэг хоногийн дотор илрүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Гэмт этгээдийг саатуулан хэргийг шалгаж байна. Энэ талаар болон баяр наадмын өдрүүдэд гарсан хэргийн талаар өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийнэ” гэсэн юм.