Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан монголчууд хөдөө, орон нутгийг зорих нь ихэсдэг. Тэр хэрээрээ салхинд гарсан хүмүүс хонь, ямаа, тарвагаар боодог хийх нь элбэг.
Тэгвэл Эрүүл мэндийн сайдын 2003 оны 165 тоот тушаалын дагуу Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 15-19-ний хооронд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон байна.
Тодруулбал, Казахстан улсад үйлдвэрлэсэн тарвага тахлын эсрэг 29.800 хүн тун вакциныг 17 аймаг, есөн дүүргийн Зоонозын өвчин судлалын төв болон Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлээд байгаа аж.
Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулах гэнэ.