Жүжигчин Пол Уокер зуурдаар нас барсны дараа “Галзуу хурд” киноны долоодугаар ангийг бүтээгчид түүнийг орлох хүнийг хайхаас өөр аргагүйд хүрсэн билээ. Киноноос Уокерын дүрийг хасах нь ямар ч боломжгүй байсан гэдэг. Тэдэнд туслахаар Полын дүү Коди ирсэн аж.
Ахыгаа алдаад маш хүнд байсан ч гэлээ Коди тавигдсан даалгаврыг маш сайн гүйцэтгэжээ. Орлон тоглогч оролцсон гэдгийг үзэгчид анзаараагүй юм. Тийм учраас кинонд дурлагсад дүү Уокерыг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт эргэлзээгүй билээ.
Тун саяхан Коди кинонд дүр бүтээх анхны урилгаа хүлээн авчээ. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны бодит үйл явдлуудад үндэслэсэн байлдаантай кинонд тоглохоор болсон аж. Гол дүрийг нь Николас Кэйж бүтээх уг киноны нэгэн дүрийг Коди амилуулах юм. Киноны нээлт ирэх жил болох гэнэ.