АФИН. /Reuters/. Өрийн хямралын улмаас гурван долоо хоногийн өмнө хаасан банкуудаа Грек өнөөдөр эргэн нээнэ.
Өнгөрсөн долоо хоногт Афин олон улсын зээлдүүлэгчидтэй тохиролцоонд хүрсэн юм. Еврогийн бүсийн Грекийг хямралаас гаргах шинэ хөтөлбөрийн хариуд Афин шинэчлэлтийн төлөвлөгөөгөө гаргасан билээ.
Гэхдээ банкуудыг эргэн нээсэн ч зарим хязгаарлалт хэвээр байх аж. Мөн нэмүү өртгийн албан татварыг нэмсэнтэй холбоотойгоор тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.
Грекчүүд АТМ-ээс мөнгө авах гэж хэдэн долоо хоног дугаарлан зогссон юм. Өдөрт 60 еврогоос их мөнгө бэлэн мөнгөний машинаас авах хориотой байсан билээ.
Тэгвэл өнөөдрөөс АТМ-ээс авч болох мөнгөний дээд хэмжээг нэг долоо хоногийнхтой тэнцүү буюу 420 евро болгох аж. Энэ нь грекчүүд мөнгө авах гэж өдөр бүр дугаарлан зогсох шаардлагагүй болно гэсэн үг юм.