07.20

Монголд орцонд хүүхэд төрлөө

Өчигдөр Энхтайваны гүүрний зүүхэн талд байрны орцонд эмэгтэй хүн төрсөн байна гэсэн дуудлага  Яаралтай түргэн тусламжийн 103 болон цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход Архангай аймгийн харьяат, 34 настай Ж гэх эмэгтэй төрсөн байжээ. Яаралтай түргэн тусламжийн эмч нар ээж, хүү хоёрыг эмнэлэг рүү авч явсан бөгөөд 3.2 кг жинтэй хүүгийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ.

Ер нь манайд төрөх дөхсөн эмэгтэйчүүдийг улсын эмнэлгүүдийн эмч, ажилтан нар “гар хардаг бололтой” ор байхгүй хэмээн хэвтүүлдэггүй агаад “гар харсан” эмч нарын харгайгаас болж ус нь гоожоод хүүхэд нь эндэж байсан тохиолдол ч гарч байсан юм.

Энэ зуур “Миний төрөх хугацаа болчихсон. Намайг яагаад хэвтүүлэхгүй байгаа юм бэ. Таны буруугаас болж надад болон миний хүүхдэд ямар нэгэн муу юм тохиолдвол би хариуцлагаа хүлээнэ гэж он сар өдөртэйгээ нэрээ бичээд гарын үсгээ зураад өг” гэж аргаа барсан нэгэн жирэмсэн эмэгтэй хэлэхэд түүнийг хэвтүүлэхгүй байсан 1-р Төрөхийн нэгэн хүлээн авахын эмч “Яасан хэл амтай хүүхэн бэ” гээд хэвтүүлж байсныг санаж байна.

Тэгээд тэр эмэгтэйг дээш гарахад бараг бүх өрөөнүүд нь сул байсан агаад тэрбээр төлбөртэй өрөөнд хэвт гэсний дагуу хоногийн 5000 төгрөгийн үнэтэй өрөөнд хэвтэж маргааш өглөө нь төрсөн юм. Сүүлд нь тэр эмэгтэй өрөө байхгүй, байхгүй гээд байсан бараг бүх өрөөнүүд нь сул байна лээ. Гэсэн ч би төлбөртэй өрөөнд нь хэвтсэн гэж ярьж билээ.

Юутай ч, хөдөө орон нутгаас нийслэл хотод төрөх гэж олон эмэгтэй ирдэг бөгөөд эмч нарын хайхрамжгүй байдлаас болж эмнэлэгт төрж чадаагүй олон эмэгтэйчүүдийн нэг Ж хэмээх 34 настай эмэгтэй боллоо.

Бодох нээ, хөдөө орон нутгаас хотод ирж төрж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь тухайн аймаг, сумынх нь тоног, төхөөрөмж эсвэл эмч нарын нь чадвар хүрдэггүй юм уу төрөхийн хүндрэлтэй болоод л Улаанбаатартаа ирдэг болов уу даа. Ядаж хорвоод мэндэлж буй бяцхан үрсээсээ "гар хүндрүүлэх"-ийг шаардаж, хүнд суртал гаргаж, бизнес хийж, улстөржихгүй баймаарсан.