07.20

Онцгой комисс хуралдлаа

Гэнэтийн усархаг борооны улмаас ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо үер усны аюул нүүрлэж болзошгүй байгаа. Тэгвэл болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлгатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст айл өрх, машин техник хэрэгсэл  усанд автсан дуудлага олноор ирсэн бөгөөд Онцгой байдлын хэлтэс 4 айл өрхийн 16 иргэн, 3 автомашин, Аж ахуйн нэгж байгууллагад учирч болзошгүй 340 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг үер усны аюулаас авран хамгаалсаныг танилцуулав.

Үерийн улмаас дүүргийн 7, 22 дугаар хороодын зарим айл өрх усанд автаж, 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилчин” хотхоны бохирын шугам бөглөрч, одоо дүүргийн Онцгой байдлын хэлтэс, холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг шуурхай аван ажиллаж байгаа гэлээ.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороо устай байх төлөвтэй байгаа гэдэг Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллэж байгаа учраас тус дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар болзошгүй аюулаас сэргийлэх, шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахаар шийдвэрлэлээ.

Үерийн ус,  лаг шавар соруулах техник төхөөрөмж, хэрэгцээтэй багаж хэрэгслүүдийг Онцгой байдлын хэлтэст дүүргийн Засаг даргын Нөөц сангаас хөрөнгө гарган авч өгөхөөр шийдвэрлэсэн төдийгүй үерийн улмаас үүссэн лаг шавар, бохирыг цэвэрлэх, халдваргүйжүүлэлт ариутгал хийх,  үерт өртсөн хороодын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эвдэрч гэмтсэн далан сувгийг сэргээн засварлах зэрэг ажлуудыг холбогдох байгууллагуудад нь даалгасан юм.