07.23

“Амгалан” дулааны станц баянзүрхчүүдийг дулаанаар бүрэн хангана

Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах “Амгалан” дулааны станц ашиглалтад ороход бараг бэлэн болжээ. Улаанбаатарт анх удаа бие даасан дулааны станц барьж байгаа нь энэ юм. “Амгалан” дулааны станц ажиллаж эхэлснээр одоо ТЭЦ-III-аас дулаанаа авдаг Баянзүрх дүүргийн XII, XIII, XV, XVI хорооны 20 мянга орчим айлын 250 орон сууц халаалтаа хажуухнаасаа авна. Мэдээж 25 км-ийн алсаас татах, дэргэдээсээ авах хоёрт ялгаа байх нь ойлгомжтой. Мөн тус станц цаашид шинээр барих 40 мянга орчим айлын орон сууцыг дулаанаар хангах боломж бий болно. Тиймээс нийслэлийн зүүн хэсгийн орон сууцны иргэдийг ирэх өвөл ая тухтай дулаан өвөлжүүлэхэд энэ станц онцгой нөлөө үзүүлэх юм.

...”Амгалан” дулааны станц цаашид шинээр барих 40 мянга орчим айлын орон сууцыг дулаанаар хангах боломжтой. Тиймээс нийслэлийн зүүн хэсгийн орон сууцны иргэдийг ирэх өвөл ая тухтай дулаан өвөлжүүлэхэд энэ станц онцгой нөлөө үзүүлэх юм...

Тиймээс станцын ажлын явцтай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Эрчим хүчний сайд Д.Зоригт нар өчигдөр газар дээр нь очиж танилцсан юм. “Амгалан” дулааны станц маш том төсөл. Тиймээс тус станцыг барих төсөвт өртөг нь 75 сая ам.доллар байхаар тооцжээ. Энэ мөнгийг Хөгжлийн банкны бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Гүйцэтгэгчээр БНХАУ- ын “СМЕС” компани түлхүүр гардуулах нөхцөлтэй ажиллаж байна. Өнгөрсөн намар УИХ-ын дарга З.Энхболд уг станцын ажилтай танилцах үед 2014 ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа дуулгасан. Харин өнөөдөр байдал өөр болжээ. Ерөнхийдөө ажлын явц 95 хувьтай явж байгаа гэдгийг төслийн удирдагч Б.Баттөмөр онцолсон юм. Уг станцыг 348 МВт буюу тус бүр нь 116 МВт-ын хүчин чадал бүхий гурван зуух, комьпютерийн бүрэн удирдлагын системээр тоногложээ. Яндан нь 120 метр өндөр бөгөөд үнсийг 99.99 хувь шүүх юм байна. Сүүлийн үеийн технологиор барьж байгаа учраас утаа, агаарын бохирдлыг нэмэхгүй гэж тооцжээ. Тус станц ашиглалтад орсноор жилд 650 мянган тонн нүүрс түлэх бөгөөд нэг тонн нүүрснээс найман кг шаарга гарах гэнэ. Нүүрсийг бүрэн шатаах учраас эдийн засгийн хэмнэлттэй, ашиглалтад орсноос хойш найман жилийн дараа өртгөө нөхөх боломжтой гэдгийг ч төслийн удирдагч танилцуулав. Түүний танилцуулгыг сонссоны дараа одоо хүндрэлтэй, зайлшгүй шийдэх ямар асуудал байгааг Ерөнхий сайд тодруулсан юм. Үүнд төслийн удирдагч Б.Баттөмөр доорх хариултыг өглөө. -“Амгалан” станцыг барихад 44 аж ахуйн нэгж, айл өрхийн газрыг чөлөөлж, нийслэлээс 33 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон. Газар чөлөөлөх ажил удааширснаар станцын ажил оройтож эхэлсэн. Гэхдээ станцын бүтээн байгуулалтын ажлыг 16 сарын турш хийлээ. Аравдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болсон.

Станц барихад шаардлагатай нийт төсөв 75 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Одоо ашиглалтад оруулахад шаардлагатай 3.9 тэрбум төгрөгийг нэмж санхүүжүүлэх ёстой. Энэ мөнгийг яаралтай олгож тусална уу. Энэ мөнгөөр төмөр зам, агаарын шугам зэрэг ажлыг гүйцэтгэх шаардлагатай байгаа. Мөн агаарын шугам татахад газар эзэмших эрхээ авчихсан долоон айлын газарт багана босгох шаардлага үүсээд байгаа. Мөн газрын зөвшөөрөлгүй хоёр айл бий. Тэднийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Тиймээс энэ асуудлыг нийслэлийн удирдлага анхааралдаа авч шийдэх шаардлагатай байна. Түүнчлэн таван худаг гаргахаас хоёр нь шаардлага хангасан хурдаас ус гарч байгаа. Нэмж гурван худаг гаргах ёстой. Станц барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж байсан.

Энэ нь станцын тоног төхөөрөмжийн өртөгт бодитоор нөлөө үзүүлсэн. Одоо үнс, шаарга зайлуулах машиныг гаднаас оруулж ирэх юм. Үүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлж өгч болох уу. Тоног төхөөрөмж татваргүй оруулж ирэх хугацаа өнгөрсөн дөрөвдүгээр сард дууссан. Энэ хугацааг он дуустал болгон сунгаж өгвөл дээрх машиныг оруулж ирэх нөхцөл бүрдэх юм. Эдгээр асуудлыг анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ. Ерөнхий сайд түүний саналыг сонсч холбогдох албан тушаалтнуудад асуудлыг шийдэх үүрэг, даалгаврыг газар дээр нь өгсөн. Мөн Хөгжлийн банкны захирал Б.Мөнхбатад шаардлагатай байгаа 3.9 тэрбум төгрөгийг өнөө, маргаашгүй олгохыг үүрэгдсэн.

М.Алтанцэцэг