Хакухо М.Даваажаргал саяхан Ичиножёо И.Ичинноровтой барилдаж, давсан. Гэвч давсныхаа дараа Хакухо нутгийн бөх Ичиножёод хатуурхаж, алгадаж байгаа зураг болон дүрс олон нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээгээд байна.
Тэгвэл үүнд Хакухо М.Даваажаргал өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Тэрбээр “Барилдаан ноцолдоонд аль санамсаргүй гар, хөл салахыг тэр гэх вэ. Ер нь хүчний, тэмцэлтэй спортод санамсаргүй зүйл их, ойлголцоод л өнгөрдөг” гэв. Нагоя башёг нэг ч унаагүй тэргүүлж байсан их аварга 10 дахь өдрийн барилдаанд сэкиваке Точиозанд унасан. Ингэснээр их аваргаас гадна Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Точиозан нар тус бүр есөн даваа, нэг унаатай болж байгаа юм.
Сэкивака Точиозаны хувьд ийнхүү сүүлийн хоёр өдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Ананд болон Хакүхо М.Даваажаргал нарыг өвдөг шороодуулаад байна. Сонирхуулахад, Хакухо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар цолны найраа энэ сарын 29-нд хийхээр товлосон байна. Иймээс тэрбээр энэ сарын башёг дуусгаад 27-ны өдөр эх орондоо ирэх аж. Түүний найранд оролцохоор Японоос Миягано дэвжээнийхэн болон ойр дотны хүмүүс нь ирэх юм байна.
Б.СИЙЛЭН