Монголын залуучуудын холбооныхон / МЗХ/ Чингэлтэй дүүргийн XXI хороонд 50 ортой цэцэрлэг барихаар төсөл эхлүүлжээ. Тэд цаашдаа нийслэлийн найман дүүрэг, 21 аймагт энэ төслөө хэрэгжүүлэх зорилготой байгаа аж. Гэхдээ энэхүү цэцэрлэгийг барих хөрөнгө оруулалтыг иргэдийн хөрөнгөөр бүрдүүлэх юм байна. 50 ортой нэг цэцэрлэг барих бодит өртөг 900 сая төгрөг болдог аж. Харин Монголын залуучуудын холбоо 500 сая төгрөгөөр барих юм байна. Учир нь одоогийн байдлаар МЗХ-ны дэргэдэх байгууллагууд өөрсдийн нөөц боломжийг ашиглан эхний барих цэцэрлэгийн зураг төсөл, замын ажил, гүйцэтгэх компанийн ажлыг хийхээр болжээ. Мөн Чингэлтэй дүүргийн удирдлагууд ч энэхүү ажилд нэгдэн тус цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэж өгсөн байна. Залуучуудын холбоо энэхүү цэцэрлэгийг улсын чанар, стандартын дагуу барьж ашиглалтад оруулах бөгөөд үүнийхээ дараа улсад хүлээлгэн өгөх аж.
Ц.ЗАЯА