Сэтгүүлч С.Баттулгыг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-ны өдөр цагдан хорьсон юм.Тодруулбал, түүнийг “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндоржийн хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа.
Цагдан хорих болсон шалтгаан нь шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралд ирээгүйтэй холбоотой.
Учир нь хуралд оролцох ёстой өмгөөлөгчдийн нэг аваарт орж, гэмтэлд хүргэгдсэн байхад шүүх “шалтаглалаа” хэмээн хандаж бүх шүүгдэгчдийг хорьсон юм. Уг үйлдлийг муйхар гэхээс өөрөөр тайлбарлах арга байхгүй.. Бичиж нийтэлснийхээ төлөө сэтгүүлч хоригддог байдал ардчиллын үнэт зүйлсэд харшилна. Тэр тусмаа эх сурвалж нь тодорхой байхад шүү дээ.
Олонд ил мэдэгдсэн нь энэ болохоос хөшигний цаан яг ийм нөхцөл байдалтайгаар эрхээ зөрчүүлж буй нь өчнөөн байгаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт албан ёсоор тайлбар өгсөн. Уг тайлбарыг нь хураангуйлбал “Шүүгдэгч Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Г.Дамдиндорж, С.Баттулга нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “…гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор”, 68.2.2 дахь хэсэгт заасан “…шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр” шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 45 минутаас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус, тус авч шүүх хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүгчийн 1601 тоот захирамж гаргасан” гэжээ. Хорих болсон гол шалтгаан нь оргон зайлж болзошгүй учраас хорьжээ.
Нийгэм сэтгүүлчийг хорьсон гэдэг утгаар дээрх хэргийг эсэргүүцээгүй юм. Харин сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасны төлөө хэрэгт татаж, цагдан хорьсонд л гол асуудал нь байна. Уг хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт буюу долдугаар сарын 27-нд болно.
Сэтгүүлчид үзэг нэгтнээ хамгаалсан байр суурьтай байгаа. Тэд үзэг нэгтнээ хамгаалж Баянзүрх дүүргийн гадаа жагсаал хийсэн. Мөн Чингисийн талбай дээр “Сэтгүүлчийг сулла” хэмээн чимээгүй цуглаан хүртэл зохион байгуулаад байна.
Ер нь сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамтаар цагдан хорихгүйгээр шүүх хурал хүртэл гадуур батлан даалтад гаргах боломж байсан уу гэвэл байсан. Бүр хангалттай байсан. Гэтэл энэ нөхцөлд цагдан хорих шийдвэр гаргасан нь хууль бус үйлдэл боллоо гэж маш олон хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Эндээс манай орны шүүх, шүүхийн тогтолцоо хэрхэн дампуурсан бэ гэдгийг тодорхой ажиглаж болохоор байна. Бүх зүйлийг хуулийн дагуу хийж болохоор байхад хуулийг замхаруулж байгаа шүүгчид ард түмэн итгэх үү. Дээрх үйл явц Монголын шүүх процесс ямар харгис, хүнлэг бус болсон бэ гэдгийг давхар нотлон харууллаа. Энэ одоо нөгөө яриад байсан шүүхийн шинэчлэл гээч нь үү.
Г.Ган